
Амар мэндээ бүрэн мэдэлцээд л бие биеэсээ,
-За, тэгээд цаагуур чинь сонин сайхан юу байна даа хэмээн нэхэл хатуу асуугаад чих тавих мэт чимээгүй болно. Тийнхүү хэн юу дуулсан, бас үзэж харснаа нэг нэгэндээ нэгд нэгэнгүй ярина. Хааяа нэг,
-Уухайс, аа тийм үү, үгүй ер, үгүй гэм, тэгээ юу, тэгнэ ээ тэр, тэгдэг байж, тэгж л таарна, тэгээд яав, тэрэн дээрээ тулаа юу, тэр зайлбаргүй, хараач хөөе, хүүе гэм гэх үгс цухас цухас дуулдах нь за яриад байгаарай хэмээн хажуугаас нь дэм өгч, ивж байгаа хэрэг юм.
Хаа нэг эрлийн хүн тохиолоор буудаг, үгүй бол хүн хар хол ойроос бүр зорин байж ирдэг алс буйдхан хөдөө нутгийн торойсон ганц айлд холын сургийг тийнхүү л сонсдог байж дээ.
Одоо бид ганцхан л мэдээ гэдэг үгээр илэрхийлэх болсон сураг, чимээ, хэл сураг, хэл чимээ, сураг чимээ, сураг ажиг, сураг танаг, чимээ анир, сонин сайхан, сонин хачин, сайхан хэл, тааруу хэл, хэл авах, хэл хүргэх, хэл дуулгах, хэл явуулах, хэл зөөх, хэл залгах, хэл барих гэх зэргээр тухайн тухайн агшинд нь тааруулан яаж л бол яаж хэлж ярьж болохоор тэр үг бол хүний горь хүсэлтэй яахын аргагүй холбоотой.
“Нэг л юм” хүлээх, насаараа “ нэг л юм” хүлээх, тэр нь ямагт сайн сайхныг уриастай байх гэдэг бол хүний мөнхийн тавилан юм. Хүн тэгэхээр явж явж, хүсэл сэтгэлийн амьтан ч гэж болохоор. Тиймдээ ч манай өвгөд дээдэс горь тасрахад л гол тасардаг хэмээн хэзээнээсээ хойш онцолж цохлон ярьж ирсэн биз ээ.
Хэл мэдээгээр хахаж цацсан толгой эргэм хурдтай өнөөгийн нийгэмд ч хүн төрөлхтөн нэг л юм хүлээсэн хэвээрээ, түүндээ хөтлөгдөн урагшилсан янзаараа.
Дэлхийн бөмбөрцгийн нэг бөөрөнд болсон өчүүхэн үйл явдал ч олж сонсъё, үзэж харъя гэвэл агшины хэрэг болсон өнөө цагт, “Хөөе, цаана чинь Ангараг гариг дээр буусан цаад өөрөө явагч чинь тэндхийн хөрс, чулуулгаас нь үй зайгүй шилж голж түүсээр яг одоо гэхэд гучаад бортого дээжтэй болчихсон, тэр бүхнээ эгнүүлээд тавьчихсан эх дэлхий рүүгээ судалгаанд зориулан илгээхэд бэлэн байна шүү” хэмээн яг өнөөдрийн үнэнийг яривал хэн тэгтэл сонирхохыг би мэдэхгүй. Харин түүний оронд дэлхий ертөнцийг бүхэлд нь бүрэн өөрчлөн донсолгосон нөгөө аюулт цар тахал энгийн нэгэн томуу төдий болжээ гэвэл, үнэн гайхамшиг тэр л болно. Хүн төрөлхтөн, бидний өвгөд дээдэс ч гэсэн дандаа тэр мэт үнэн гайхамшгийг хүлээсээр, үлгэр түүх болгон зохиосоор, тэр бүхэндээ итгэж найдсаар ирсэн юм. Холын сургийг чих тавин хүлээдгийн цаад учир ч тэр байж магадгүй.
Горь тасраагүй цагт хорвоо дэлхий гоё сайхнаараа эргэж л байдаг билээ.
До.Чулуунбаатар 2021. 06. 15
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.