
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск энэ онд 11 тэрбум ам. доллар татварт төлөхөө мэдэгджээ.
АНУ-ын Сенатын гишүүн Элизабет Уоррен өөрийн албан ёсны твиттер хуудаснаа татварын хуулиа өөрчилж, оны хүнээр шалгарсан хүмүүсийг жинхнээс нь татвар төлүүлдэг болгоё хэмээн бичсэний хариуд Таймс сэтгүүлийн 2021 оны хүнээр шалгарсан, тэрбумтан Илон Маск өөрийн твиттер хуудаснаа, "Зарим нэг хүмүүст хэлэхэд би энэ онд 11 тэрбум ам. долларын татвар төлж байгаа." хэмээн бичжээ.
Нэг их наяд ам. долларын үнэ бүхий цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани, 100 тэрбум ам. долларын үнэ бүхий сансрын SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маск нь энэ онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг 243 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгээр тэргүүлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баячуудад ноогдуулах татварын хэмжээг өсгөх тухай хуулийн төсөл санал болгосон ч тухайн хуулийн төсөл Конгресс дээр гацаад байгаа билээ.
Сенатын зарим гишүүд баян америкчуудын орлогын татварыг нэмэгдүүлэхээс гадна тэдгээрийн эзэмшдэг үнэт цаас, хувьцаа зэрэг активуудад ялгаагүй татвар ноогдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Америкийн баян чинээлэг иргэд татварын албанд тогтмол орлого, цалин авдаггүй гэж мэдүүлэх нь элбэг бөгөөд баячууд өөрсдийн хөрөнгө мөнгөөрөө хувьцаа, үнэт цаас зэргийг худалдан авч, татвараас зайлсхийдэг ба хувьцаа үнэт цаасаа барьцаанд тавьж банкнаас зээл авдаг аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.