Д.Мөнхжаргал: Миний хүүг найз охиноо хүчиндсэн гэж худлаа мэдүүлсэн

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Налайх дүүргийн II хорооны нутагт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө хүн амины ноцтой хэрэг гарсан талаар цаг алдалгүй мэдээлж байсан билээ. Тус дүүргийн нутаг дахь “Мустанг” баарны дэргэд суудлын автомашин дотроос нэгэн залууг сумны зургаан шархтай амиа алдсан байхад нь олсон. Хохирогчийг шөнө дундын үед олсон бөгөөд цагдаагийнхан шуурхай ажилласаны эцэст сэжигтэнийг баривчилсан юм.

Энэхүү зургаан удаа буудаж хүний амь хөнөөсөн ноцтой хэргийн мөрөөр УМБГ, НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан Ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн болохыг тогтоосон байна. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг Прокурорт шилжүүлсэн байна. Гэвч энэ хэргийн цаана хар тамхины хэрэг нуугдаж байгаа гэсэн хардлагатай зэрэгцээд А.Мэндбаяр гэгч чухам ямар учраас хүний амь насанд хүрсэн бэ гэдэг асуултын хариуг эрсээр өнөө хүрсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр хохирогчийн аав Д.Мөнхжаргал сэтгүүлчдэд уг хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгч, "энэ хэргийн цаана маш том захиалгат хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хүүгийн амь насыг хохироосон этгээдийн хэргийг хав дарах вий” гэж эмээж явдагаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Ингээд талийгаачийн аав Д.Мөнхжаргалаас хэргийн талаар тодруулга авснаа хүргэе.

Энэ хэргийн цаана зохион байгуулалттай хар тамхины хэргийг нуун дарагдуулж байна гэлээ. Энэ хэр зэрэг бодитой вэ?

Тиймээ, би тэр А.Мэндбаяр гэгчийг хар тамхи хэрэглэсэн, хар тамхитай ямар нэг хэлбэрээр холбогдсон этгээд гэж бодож байгаа. Тийм ч үүднээс хуулийн байгууллагаар удаа дараа энэ асуудлаар шалгаж өгөхийг хүссэн. Гэвч тэд нааштай хариу өгөхгүй байсаар өдий хүрлээ. Би сүүлдээ танай аппарат, шалгадаг төхөөрөмж А.Мэндбаярыг шалгахад эвдрээд байвал гадны өндөр хөгжилтэй оронд шалгаад өгөөч гэсэн хүсэлт ч тавьсан. Гэвч хуулийн байгууллагынхан олигтой зүйл хийж өгөхгүй байгаад харамсаж байна.

Талийгаачаас шинжилгээ авахад ямар нэгэн хар тамхи, мансууруулах төрлийн зүйл илэрсэн үү?

Миний хүүгээс цус, шээс авч шинжилгээ хийсэн гэсэн. Гэвч мансууруулах бодис, архи согтууруулах ундаа юу ч илрээгүй.

Сэжигтэн А.Мэндбаяр талийгаачтай найз байсан уу. Ямар холбоотой байсан бэ?

Хороололд ойролцоо амьдардаг байсан учир нэгнээ таньдаг байсан. Учиргүй сайн найзууд байгаагүй. Гэхдээ А.Мэндбаяр гэгчийн аав Алтансүх миний хүүг нэг удаа “чамайг заавал ална” гэж сүрдүүлж байсан. Тухайн үед би яагаад чамайг ална гэж байгаа юм гэж асуухад юу ч хэлээгүй. Гэвч тэр явдал болоод төд удалгүй хүү минь амиа алдчихсан. Найз нөхөд нь үүнийг гэрчлэх боловч Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөгүй.

А.Мэндбаяр гэгчийн аав мафитай холбоотой, айхатвар бизнесмэн, ар тал өндөртэй хэмээн хэвлэлээр бичигдэж байсан. Мөн таныг Алтансүх гэгчтэй холбоотой гэх яриа ч гарсан?

Би Алтансүх гэгчтэй ямар ч холбоогүй. Хүсвэл намайг шалгаж болно. Би шалгуулахад бэлэн байна.

А.Мэндбаяр цагдан хоригдож байгаа юу?

Тийм ээ.

Энэ хэрэгт ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн бэ?

Эрүүгийн хуулийн 91.2.3 гэсэн зүйл анги буюу “өш хонзон”-гийн сэдэлтэй хүн амины хэрэг гэдгээр хэрэг үүсгэсэн. Одоо Прокурорын шатанд шалгагдаж байгаа.

Хохирогчдын ар гэрийн зүгээс эрүүгийн хуулийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг үү?

Миний хүү өш хонзон санаж, өөрөө өөрийнхөө аминд хүрэх зүйлээр тоглож наадах хүн биш.

Хэвлэл мэдээллээр найз охиноо булаацалдсанаас тийм хэрэг гарсан гэх мэдээлэл гарсан?

Харин тийм зүйл мэдээлж байсан. Миний хувьд энэ асуудалтай огт санал нийлэхгүй байгаа. Мэдүүлэг болгондоо өөр, өөр мэдүүлэг өгсөн байдаг. Нэг бол миний хүүг найз охиноо хүчиндсэн гэж, эсвэл намайг байнга зодож дарамталдаг байсан гэж мэдүүлсэн байсан.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.