Украин ОХУ болон Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны байгууллагын орнуудын төлөөлөгчидтэй уулзана

Twitter Print
2022 оны 02-р сар 14-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Украин улсын эрх баригчид Украин-Оросын хил дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ болон Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны байгууллагын гишүүд орнуудын төлөөлөгчидтэй ирэх 48 цагийн дотор уулзах хүсэлт тавьжээ.

Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулебагийн мэдэгдсэнээр Украины зүгээс ОХУ-аас Украины хил орчим цэргүүдээ байршуулж байгаа явдалд албан ёсны тайлбар хүссэн ч хариу өгөөгүй учраас ийнхүү шуурхай уулзалт зарлажээ.

Барууны орнууд ОХУ Украины хил орчим 100 мянга гаруй цэргүүдээ байршуулаад байгаа нь ОХУ Украин руу довтлох төлөвлөгөөний нэг хэсэг хэмээн үзэж байгаа бол Москва үүнийг үгүйсгэсээр байгаа билээ.

Вашингтоны зүгээс ОХУ Украин руу агаараас цохилт өгч ойрын хугацаанд довтолно хэмээн мэдэгдсэн юм. Дэлхийн 10 гаруй орнууд иргэдээ даруй Украинаас явахыг зөвлөөд байна.

Вашингтон Украин дахь дипломатуудаа 48 цагийн дотор гаргахаар төлөвлөсөн бол Токио мөн адил Украин дахь элчин сайдын яамны ажилчдынхаа дийлэнхийг нь эгүүлэн татаж эхэлжээ.

Түүнчлэн агаарын тээврийн компаниуд Украин руу хийх зарим нислэгүүдээ цуцалсан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ хэзээ мөдгүй Украин руу довтолно гэсэн баталгаагүй мэдээлэл нь эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй гэдгийг онцолжээ.

Украины хил дээрх Оросын цэргүүдийн байршил

Өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч В. Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар 1 цаг орчим ярилцсан ба Ерөнхийлөгч Ж. Байден Вашингтон Киевийг ямар ч тохиолдолд дэмжинэ гэдгийг онцолж, талууд хоёр улс дипломат харилцаагаа үргэлжлүүлэх нь өндөр ач холбогдолтой гэдэг дээр санал нийлжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын утсаар хийсэн хэлэлцээр тодорхой үр дүнгүй өнгөрчээ.

ОХУ-ын зүгээс Украиныг Умард Атлантын Гэрээний Байгууллага НАТО-д элсүүлэхгүй байхыг шаардаж байгаа бол НАТО болон АНУ тэргүүтэй барууны улс орнууд тусгаар тогтносон орнууд тэр дундаа Украин улс нь НАТО-д элсэх хүсэлт өгөх эрхтэй гэдгийг онцолсоор байгаа юм.

Харин ОХУ-ын зүгээс өөрийн нутагт дэвсгэртээ цэрэг зэвсгийнхээ хүчийг хаана, хэрхэн байршуулах нь ОХУ-ын эрх гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков ОХУ Украин руу довтолно гэсэн мэдэгдэл нь Вашингтоны хийрхэл хэмээн тодорхойлжээ

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.