Нэр чухал

Twitter Print
2021 оны 01-р сар 15-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Харь нутагт аж төрж байгаа хүмүүсийн хувьд бүр чухал.

Дунд хүү Билгийндалай нэгдүгээр ангид байхдаа нэг удаа ихэд ууртай орж ирээд "Би нэрээ сольё. Намайг Далаае, Далий гэж дуудаад байна, бас юу юм энэ чинь гээд байна" гэв. Ээж нь: "Чи тэгэхээр нь Далай гэж монгол хэлээр ocean гэсэн үг. Далай лам гэж мэдэх үү та нар, тэрийг чинь монголчууд өгсөн шүү дээ гэж тайлбарлаж бай” гэсэн чих нь сортойгоод, “нээрээ тийм юм байна” гээд өнгөрсөн юм.

Охинтой болов. Өд гэж нэр өглөө. Зарим нь их гайхна. Гайхах биш ямар сайхан нэр вэ гэж бахархах хүн бас байна. Мөнхцэцэг гэж зураач найз маань сонссон дороо ”Хөөх, Өд гэж бийр шүү дээ, ямар сайхан нэр вэ!” гэв . Өлзийтөгс гэж найрагч найз маань “Хүүш ээ, Өд гэж үзэг шүү дээ, сонсоогүй сайхан нэр байна” гэж билээ. Төрөхөд нь аав ээж нь охиндоо монгол нэр өгнө гэсэнд хоёр ах нь ихэд атаархаж, бид хоёр ч гэсэн ах нь юм чинь нэр өгмөөр байна гэснээр, бид ардчилсан замаар шийдэж аав ээж нь монгол нэр өгье, та хоёр америк нэр өг гэснээр Өд охин Эмили хэмээх дунд нэртэй болсон билээ.

Гэтэл нэрний эзэн Өд маань сургуульд оронгуутаа л “ Ээж ээ би америк нэрээрээ Эмили гээд явчих уу, миний нэрийг багш ч хүүхдүүд ч буруу дуудаад байх юм, зарим нь Өийд, зарим нь Өээд гээд байх юмаа”хэмээн гомдоллож эхлэв. Яагаад ээж ээ ээж ээ гээд байна гэхээр ээж нь манай гэрийн дүрэм тогтоогч учир ээж л зөвшөөрчихвөл ер нь болчихно гэсэн үг.

Харамсалтай нь ээж нь зөвшөөрсөнгүй. “Миний охион, сонсож бай, чи нэрээ бусдад зориулж солих биш, хүмүүс чиний нэрийг дуудаж сурах чухал. Чи нэрээ хэлснээрээ бүх хүнд Монгол гэж улс байдаг гэдэг санааг өгч байгаа юм. Угаасаа Өд гэж дуудахдаа хүмүүс америк нэр биш гэж мэднэ, тэгээд чиний нэр ямар улсын нэр вэ, ямар утгатай вэ гэж асууна. Тэгэхэд чи миний нэр монгол нэр, миний аав энэ нэрийг надад өгсөн юм, Өд гэж англиар feather гэсэн үг, монголчууд эрт дээр үед өдийг үзэг болгон бичиг үсгээ тэмдэглэдэг байсан учир, аав намайг эрдэм номтой охин болоорой гэж энэ нэрийг өгсөн юм” гээд тайлбарлачих гэв.

Өд охин монгол нэрээ хүлээн зөвшөөрөх амаргүй байсан. Энэ угаасаа Өдийн ч асуудал биш, ер нь бүх цагаачдын хүүхдийн асуудал. Өөр соёлтой, “хачин” нэртэй байх хүүхдэд тийм ч таатай зүйл биш. Гэвч энэ нь бас эцэг эхчүүдийн бууж өгөх зүйл биш. Учир нь Өд охин нэрээ бусдад хүлээн зөвшөөрүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй байв.

Өдийг ахлах сургуульд ороход анхны хичээл нь World Languages буюу “Дэлхийн хэлнүүд” байв. Эхний хичээл дээр багш нь хүүхэд бүрээс нэрийг нь асууж, ямар улсын ямар утгатай нэр болохыг асууж. Сургуулиас орж ирэнгүүтээ нүд нь гэрэлтсэн Өд ээждээ “Намайг нэрээ сольё гэхэд зөвшөөрөөгүйд баярлалаа” гэв. Ангийнх нь ихэнх хүүхэд нэрээ тайлбарлаж чадаагүй, зүгээр л аав ээжийн өгсөн нэр гэж. Манай охин тэгтэл яг нөгөө ээжийнхээ зааснаар ярьсанд багш нь ихэд бахархаж, ангийнхан нь үнэхээр гайхан шагшсан аж.

Ээжийнх нь хэлсэн үг биеллээ олтол 9 жил болж. Хүүхэд багадаа бусадтай адил байх юмсан гэж боддог ч, том болоод бусдаас онцлог байгаагаараа бахархдаг юм шүү. Тэр хэдэн жилийг л тайлбарлаж, учирлаж, аргадаж, аргалаад давчихвал монгол нэр гэж Монгол хэл, Монгол соёлыг дэлхийд мэдүүлэх, үр хүүхэд чинь монгол гэдгээрээ бахархах гол тамга нь болно шүү.

М. Саруул-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.