Монголын жүдочид Парисын “Их дуулга”-аас 5 медаль хүртлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 10-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээнд 122 орны 800 жүдоч зодоглолоо. Манай улсаас 21 жүдоч өрсөлдөж 5 медаль хүртлээ.

Францын нисйлэл Парис хотод болсон Их дуулга тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх оролцлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Францын бөх Ширине Боуклийг ялж, хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр тэрбээр Парисын “Их дуулга”-аас дөрөв дэх хүрэл медалиа авав. Ийнхүү тус тэмцээний нийт найман медаль (нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл)-тай боллоо. Мөн тус тэмцээний 57 кг-ийн жинд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа шигшээд шалгарч, шинэ дэлхийн аварга Канадын Криста Дегучид ялагдан мөнгөн медаль зүүлээ. Украины шилдэг тамирчин, олимп, дэлхийн аварга Дарья Билодид Парисын Их дуулгад хоёр жил дараалан түрүүлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин Туркийн бөх Михрак Аккусыг хутгах мэхээр цэвэр ялснаар өмнөх жилийн адил хүрэл медальтан боллоо. Эрчүүдийн 66 кг-д Ё.Басхүү медалийн төлөө Израилын Баруч Шмайловтай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээ авч ялснаар Украины алдарт бөх Георгий Зантараягийн хамт хүрэл медалийн тавцанд зогсов. ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-д хүрэл медалийн төлөө Японы алдарт бөх Машаши Эбинуматай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын жүдочид 1 мөнгө, 4 хүрэл медаль багтаа авчирлаа.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.