Цагийг эзэлсэн Их ялалтын баярын түүхээс

Twitter Print
2022 оны 05-р сар 09-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хоёрдугаар дайн, Оросуудын үздэгээр Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсаны 75 жилийн ой тохиож байна. Тэртээ далан таван жилийн өмнө Улаан талбайд ялалтын баярын анхны ёслолын жагсаал болоход (1945 оны зургадугаар сарын 24-ны өдөр) бороо асгарч байлаа.

Ялалтын баяр ёслол тойрсон сонирхолтой үйл явдлуудаас сонирхуулахад ялалтын анхны баяр ёслолыг зай завсаргүй цутгах бороо тасалдуулахад хүрч байсан боловч ялгуусан их ялалтад хүрсэн Улаан армийн дайчдыг цаг агаарын бэрхшээл саатуулсангүй. Гэвч хөдөлмөрчдийн жагсаал, 570 нисэх онгоцны үзүүлбэрийг цуцалж байсан аж. Энэчлэн баярын ёслолын жагсаал зохион байгуулах явцад тохиолдож байсан олон сонирхолтой явдал байдаг ажгуу.

Ялалтын туг

Улаан армийн хорооны тугны хэмжээ тодорхой стандарттай байдаг бол ялалтын анхны баярын өдөр Улаан талбайд хүндэтгэлтэйгээр мандуулсан гэж үздэг тугны хэмжээ, өргөнөөсөө 3 см, уртаасаа 73 см дутуу байв. Улаан армийн минометийн 92-р хороо, алдарт «Катюша»-ын хараалагч Александр Харьков 1945 оны тавдугаар сарын 2-ны өдөр Рейхстагийн орой дээр мандуулсан уг тугнаас дурсгал болон тасдаж авсан гэх яриа байдаг. Гэвч энэ нь хорооныхоо тугийг дээдлэн хүндэтгэдэг ёс журманд таарахгүй учраас огт үнэмшилгүй таамаг төдий зүйл гэж үздэг бол өөр нэгэн таамгаар 70-аад оны үед Зөвлөлтийн Армийн музейд настай нэгэн эмэгтэй ирж, мотобуудлагын 150-р дивизийн улс төрийн хэлтэст алба хааж байхад нь уг туг хадгалагдаж байсан гэж яриад 1945 оны зун тэрээр цэргийн албанаас халагдахдаа уг тугнаас дурсгал болгон хэсгийг цуулж авсанаа ярьжээ. Бүр нотолгоо болгон тугны тасархайг үзүүлсэн гэдэг байна.

Үнэндээ туг мандуулсан юм уу?

Ялалтын тугийг бүр 1945 оны зургадугаар сарын 20-нд Москвад авчирсан мэдээ байдаг бол баярын жагсаал дээр Рейхстагийн оройд уг тугийг мандуулсан Неустроев, Кантария, Берест, Егоров нар залах ёстой байжээ. Гэвч тэд жагсаалд хөл тавьж чаддаггүй байсны дээр дайны үед бүгдээрээ шахуу олон удаа хүнд шархдаж байсан учир жагсаалын бэлтгэлд хангалтгүй дүн үзүүлж, өөр бүрэлдэхүүнээр солих шаардлага тулгарсан байна. Гэтэл өөр бүрэлдэхүүнээр солилоо ч бас жагсаалд туг залахад бэлтгэх хоног хугацаагүй болсон тул  Маршал Жуков туг гаргахгүй байх шийдвэрт хүрчээ. Харин 1965 оны ялалтын баярын жагсаад анх удаа уг тугийг залсан байна.

Баярын жагсаалыг нээж Жуковын хэлсэн үг

Маршал Жуков анх ялалтын баярын ёслолын жагсаал нээж хэлсэн үг хадгалагдан үлджээ. Түүний хэлэх үгийг бичсэн хуудас цаасан дээр маш сонирхолтой тэмдэглэл олон байдаг бөгөөд Жуков эндээс маш чадвартай илтгэгч байсан нь харагддаг байна.

Тэрээр "Дөрвөн жилийн өмнө Германы фашистууд манай эх оронд зандалчлан халдсан билээ" гэсэн өгүүлбэрт үгийнхээ өргөлтийг "намуухан, сүртэй" хэлнэ гэж тэмдэглээд "Суут удирдагчийнхаа удирдлага дор Улаан Арми шийдвэртэй давшилтад орлоо" гэсэн өгүүлбэрт "Чангаар, өргөлттэй" хэлнэ хэмээсэн тэмдэглэгээ хийсэн байжээ.

Сталин яагаад парад хүлээн аваагүй вэ?

Георгий Константинович Жуковын дурсамжид Сталиныг парад хүлээж авахаас татгалзсан тухай бичсэн байдаг. Маршалын тэмдэглэснээр, Иосиф Виссарионович түүнийг өрөөндөө дуудаад маршал Рокоссовскийн удирдах Ялалтын парадыг биечлэн хүлээж авах үүрэг өгсөн байна. Учир нь Жуков «өдий насандаа морь унаж сураагүй»-г Сталин мэдэж байсан байна. Ийм тушаал авсаныхаа дараагийн өдөр нь Георгий Константинович жагсаалын бэлтгэлд гарсан аж. 

Хэрвээ Жуковын дурсамж үнэн бол Сталины хүү Василий маршалд дуулгаснаар оросын удирдагч 1945 оны зургадугаар сарын 16-нд Сталин өөрийн шилж сонгож авсан хурдан хүлгээрээ давхиж яваад унаж осолдох дөхсөн байжээ. Тэр үед золоор хүнд гэмтэл аваагүй Сталин хэрвээ Улаан талбайд ялалтын парад хүлээж авахад хүрвэл гай дайрч морь нь дахин бусгавал Зөвлөлтийн сая сая хүний нүдэн дээр зохисгүй явдал болно гэж болгоомжилсон байх магадлалтай гэнэ. Гэхдээ энэ таамаглалыг ор үндэслэлгүй,  учир нь Жуковын “Дурсамж, эргэцүүлэл” номын ("Воспоминаний и размышлений") эхний хэвлэлтэд ийм явдал гардаггүй байна.  

Тооны шид

1945 оны зургадугаар сарын 24-ны өдөр анх аугаа их ялалтын баяр ёслолыг тэмдэглэх өдрийг товлохдоо урьдаас  төлөвлөсөн байжээ. Улаан талбайд цэргийн парад зохион байгуулах асуудлыг 30-аад онд Климент Ворошиловын илтгэлийн дагуу Улс төрийн товчоогоор хэлэлцэж санал нэгтэй баталдаг байсан бол Ялалтын парадын бэлтгэл ажлыг Москва хотын гарнизоны дарга хүлээн авсан аж. Энэ ажлыг Москвагийн цэргийн тойргийн командлагч хурандаа генерал Павел Артемьев биечлэн удирдаж байсан бөгөөд тухай үеийн тушаал заавар өгч байсан баримт бичиг дээр ёслолын парад хүлээн авах өдрийг “Ц "22" гэж тэмдэглэсэн байдаг хэдий ч Сталин тавдугаар сарын 24-нд ялалтын баяр тэмдэглэхээр төлөвлөөд байсан учир яг цаг тулсан үед буюу 1945 тавдугаар сарын 22-ны өдөр эцсийн шийдвэр гарсан байх магадлалтай байдаг гэнэ.  

Дараалсан дөрвөн парад

1945 оны Ялалтын баярын цэргийн парад гэхээр  Улаан талбай дахь цэргийн жагсаал гэж ойлгогддог бол энэ онд өөр гурван газар мөн Ялалтын баяр ёслолын парад болж байжээ. 1945 оны зургадугаар сарын 24-ны өдөр Москвад болсон парадаас өмнө тавдугаар сарын 4-нд  Берлин хотын Бранденбургийн хаалгаар Зөвлөлтийн цэргийн ялалтын баярын парад хөвөрч байлаа. Уг парадыг Берлин хоштын цэргийн комендант генерал Николай Берзарин хүлээн авч байв. Мөн 1945 оны есдүгээр сарын 7-ны өдөр Георгий Жуковын шийдвэрээр Берлинд дахин холбоотны хүчний ялалтын баярын парад зохион байгуулж байжээ. Уг баярын жагсаалд холбоотны мянган бие бүрэлдэхүүн бүхий цэргийн жагсаал, хуягт танкийн нэгтгэлүүд оролцсон байна.

Үүний дараа 1945 есдүгээр сарын  16-нд Харбинд дахин ялалтын баяр ёслолын парад болов. Хээрийн дүрэмт хувцастай уг жагсаалд оролцсон цэргүүдийн жагсаалыг артиллер, танкийн цуваа түгжиж байжээ.

Баяр мөн үү, эсвэл?

1949 оноос Ялалтын баярыг баяр ёслол болгон тэмдэглэж байх ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тогтоол гарчээ. Харин 1949 оноос 1965 он хүртэл Ялалтын баярын өдрийг амралтын өдөрт тооцдоггүй байжээ.

Учир нь Сталин фронт дээр сэтгэл зүйн хүнд дарамтанд орж байсан дайчдаас хулгаж, эмээж байсан гэх таамаг, ажиг сэжиг байдаг байна.

Дайны хүнд бэрх, гай гамшигийг сануулсан аливаа яриа хөөрөө зүйрлэшгүй уршигт үр дагаварт хүргэж мэдэх байсан учир Зөвлөлтийн удирдагчид амралтын өдөр олгохгүйгээр "аргалах" бодлого баримталж байсан гэдэг. 

Харин 1965 онд ялалтын баяр ёслол дээр маршалийн дүрэмт хувцасаа өмсөж өргөн дэлгэр баяр тэмдэглэж байхыг хүссэн Леонид Брежневийн санаачилгаар баярыг амралтын өдөртэй болгосон байна.

СЭТГҮҮЛЧ Л.ОТГОНБАТ

E-MAIL: ETUGEN68@YAHOO.COM 
УТАС: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.