Байр тойроод шуугиж байна, байгаа онохгүй хадуурч байна...

Twitter Print
2022 оны 05-р сар 12-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Байр тойроод шуугиж байна, байгаа онохгүй хадуурч байна...

Хэдэн байр тойроод хэд хуваагдан хэрэлдэж байна даа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ, овоохон хөрөнгө зорьж залгиад, зориуд дампуурсан Капитал банкны өр байгаагүй бол Эрүүл мэндийн даатгалын газрынхан ингэтлээ боорлуултлаа хол шүү дээ. Үүнийг чинь үнэндээ бол гол асуудлыг голруулах, төөрөгдүүлэх гэж нэрлээд байгаа юм шүү дээ.

Тодруулж хэлбэл хэргийн эзэнтэй биш, хэнгэргийн дохиуртай л биднийг ноцолдуулаад байгааг анзаарсан уу? Капитал банк анх 1990 онд байгуулагдсан, 1998 онд Шинэчлэл банк болгон нэрээ сольсон, 2003 онд яагаад ч юм хуучин нэрээ дахин сэргээн авсан, 2019 онд дампуурсан. Эрүүл мэндийн даатгалд иргэдийн төлсөн 136.1 тэрбум төгрөг энэ банкны дампууралтай хамт үгүй болсон. За тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2017 онд байгуулагдсан, Капитал банкнаас 136.1 тэрбум төгрөгөө олж авах гэж шат шатны байгууллагуудыг дамжсаар, эцэст нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандсан байдаг.

Одоогийн байдлаар нийт авлагынхаа ердөө 8.1 тэрбумыг барагдуулсан. Капитал банкны барьцаанд тавигдсан орон сууцнууд хэт өндөр үнэтэй байгаа нь дампууруулахын өмнөх зориудын хөөргөдсөн үнэ гэж хэлж болно. Бусдын хөрөнгийг зээлийн барьцаанд авахдаа үнийг нь хэт унагаадаг арга барилаа мартаж, харин ч хэтэрхий өндөр үнэлж авсан гэж ойлгоход гэмгүй. Ийм өндөр үнэтэй орон сууцнуудыг эмнэлгийн эмч, сувилагч нар авах боломжгүйгээс мөн л гацаанд хэвтэж үлдсэн. ЭМДЕГ 61.7 тэрбум төгрөгийн 74 хөрөнгийг мөнөөх 136 тэрбумынхаа зарим хэсэгт тооцон бодож авсан.

Үүний дотор нийт 29 орон сууц байгаагаас 19 нь 80 мкв-аас бага буюу ипотекийн зээлд хамрагдах боломжтой байсан, гэвч тавынх нь зээл шийдэгдэж, төлбөр нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөгдсөн...за энэ мэтээр хэдэн тоо дэс дараалуулж бичээд байж болж байна. Асуудлын гол нь юу вэ гэхээр дампуурсан, дампуурах гэж байгаа банкуудаас хураагдсан асар өндөр үнийн дүн бүхий хөрөнгө, газар, объектууд хаачдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хэн үнэлдэг вэ, хэрхэн хэнд зарж борлуулдаг вэ, хаачдаг вэ? Энэ эрх мэдлийн төлөөх дайн цаагуур чинь өрнөөд, дунд нь Л.Бямбасүрэн гэдэг тэр эмэгтэй яг таг байсныхаа төлөө хэлмэгдээд, ард нь Капиталаас хураагдсан хэдэн зуун тэрбумын хөрөнгийн төлөөх эрх мэдлийн эвгүй дажин өрнөөд байгаа юм биш үү? Бид энд хэдхэн байран дээр ангайтал алалцаад байдаг, гэтэл цаана чинь дампуурсан Капиталд алдсан 136 тэрбум, дампуурах гэж байгаа Чингисхаан банкинд алдчихаад байгаа эрүүл мэндийн даатгалын 27 тэрбум төгрөгийн авлагаа яах вэ.

Одоо энэ сошиалаар элдвээрээ хэлүүлээд хэрчүүлээд байгаа тэр ЭМДЕГ-ынхан чинь Чингисхаан банкнаас бидний эрүүл мэндийн даатгалын 43 тэрбум төгрөгийг гаргуулахаар 2019 оноос Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаад, 16 тэрбумыг нь аваад, одоо хэр нь 27 тэрбум үлдчихээд, нөгөө банк гуай нь эргэж бухаад, шүүх дамжаад шүгэлдээд, цаг хожиж цалгардаад явж байна билээ шүү.

За бод, бод, Чингисхаан банкны ард хэн байдаг билээ, Капиталаас хураагдсан тэр олон зуун тэрбумын хөрөнгийг хаачуулах, хэрхэх, яаж тэндээс эрүүл мэндийн даатгалын санд байх ёстой 136 тэрбум төгрөгөө салгаж төвлөрүүлэх эрх мэдэл ба эв зүй энүүхэндээ гэхэд хаана явна? Энэ бүхэн хэн нэгэн эрхтэн дархтанд бас л асар том олз болж харагдаад байна даа. Эзэнгүй болсон банкны эд хөрөнгөн дээр найрлахад хэн нэгэнд нь хэн нэгэн саад болчихжээ дээ, янз нь?

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.