Хөнгөлөлтийн талаар...

Twitter Print
2020 оны 12-р сар 14-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

Энэхүү цахилгаан дулааны үнийн хөнгөлөлтийг хэн илүү хангамж тэтгэлэг, татаас авдаг, хэн хадгаламжтай, хэн баян, бас хэн ядуу, хэн боломжгүй гэх мэт хүчин зүйлээс үл хамааран цар тахлын онцгой үед ТӨР нь нийт АРД ТҮМЭНдээ хөнгөлөлт олгож байгаа гэж ойлгож байна. Ийм нөхцөлд нэн тодорхой хоёр зарчим байна.

НЭГД, хэнийг ч гээхгүйгээр нийт ард түмэнд гэсэн нэг зарчим байх ёстой юм аа.

ХОЁРТ, эрх тэгш хүртээнэ гэсэн бас нэг зарчим байх ёстой юм.

Хэрвээ ямаа, ноолуур гэх мэтээр байнга хөнгөлөлт авч байдаг малчин өрхөд, эсвэл баян юм, офшортой юм, тэдэн тэрбумын хадгаламжтай юм гээд цөөхөн хөрөнгөлөг хэсгээ ялгачихвал эхний зарчим алга болчихно. Одоогоор 285 мянган малчин өрх гээгдчих шиг болов? Мөн иргэдийн дундаас "баячуудаас цахилгааны төлбөр авъя" гэсэн санаа мэр сэр гарч байгаа нь ч дээрх суурь зарчмаа зөрчсөн санаа бодол юм. Малчин ч, баян нь ч ялгаагүй ийм онцгой нөхцөлд Монголын төрийн халамж, хөнгөлөлт хүртэх эрх бүхий Монгол Улсын иргэн мөн юм.

Өрх айлуудын хувьд их хэрэглэдэг нь их хөнгөлөгдөөд, бага хэрэглэдэг нь бага хөнгөлөгдвөл хоёр дахь зарчим нь алга болчихно. Цахилгаанд 200 мянга гаргаж төлдөг, өндөр хэрэглээтэй өрх айлд 6 сарын хугацаанд нийт 1, 200, 000 ₮ хөнгөлөлт, харин сардаа 10 мянгыг төлдөг, түүнээ төлөх гэж сандардаг айлд 60 000 төгрөгийн хөнгөлөлт. 1 200 000 = 60 000. 20 дахин зөрүү гарна. /Гэр хорооллынхонд нүүрсний үнийг 75 хувь бууруулж буй нь гэр хороолол, орон сууцанд амьдрагсдын, мөн нийгмийн ялгаралын ялгаатай байдлыг нөхөх гэсэн санаа гэж харагдаж байна./

Уг нь айл өрхүүдийн цахилгаан хэрэглээний дундажаар хөнгөлөлт өгсөн бол илүү оновчтой, бас цахилгааны хэрэглээний хэт ачааллыг хязгаарлах боломжтой байв. Энэ мэт маргаан мэтгээн ч гарахгүй л байсан болов уу. /Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд тэднийг өрх айлуудтай жиших боломжгүй юм. Цахилгааны хэрэглээ дагаж илүү үйлдвэрлэл, баялаг гарах магадлалтай, тэр хэмжээгээр ажлын байр, татвар, орлого байх магадлалтай учир аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хэрэглээний дундажаар хөнгөлөлтийг тэгшитгэх эсэх нь өөр зүйл юм./ Дээр нь манай төсөв юу билээ, төсвийн алдагдал хэт өндөр байгаа. Гаднаас зээл авч байдаг. Байгаа жаахан юм аа зөв оновчтой хувиарлахад онцгой анхаарах тухай санаа юм.

МӨН нэг ноцтой асуудал гарах магадлалтай. Үнэгүй юманд бид хэрхэн яаж хошуурдаг билээ. Цахилгаан, дулааны төлбөрийг хязгаарлалтгүй тэглэчихээр боломжтой нь ч, боломжгүй нь ч ялгаагүй хошуураад дайрна. Мэдээж бүгд биш ч нэлээд хэсэг нь. Тенн залгах энэ тэр бол энүүхэнд. Энэ нь тэртээ тэргүй өндөр ачаалалтай байдаг цахилгаан сүлжээний ачааллыг хэт нэмж, эрсдэлд оруулах магадлал бий. Зүй нь цахилгаан, усны хэрэглээний дундажаар /өрх айлууд болон аж ахуйн нэгжүүд тусдаа/ хөнгөлөлт өгч, хязгаарлалт тогтоосон бол дээрх суурь зарчмууд зөрчигдөхгүй, бас цахилгаан хэрэглээнд тодорхой хязгаарлалт болж, хэрэглээний хэт халалт үүсэхээс сэргийлэх боломжтой л байсан хэрэг юм.

Б.Наминчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.