Хөгнө хан уул

Twitter Print
2020 оны 12-р сар 15-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Булган аймгийн Рашаант, Гурванбулаг сумын хил заагт Хөгнө хан уул оршдог. Далайн түвшнээс дээш 1962 метр өндөр. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог хэмээдэг.

Хангай, Хэнтийн хушин ойгоос 200 гаруй км алслагдсан хэрнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ойтойгоос гадна яргай, яшил, буйлс, гүйлс, балгана, тавилгана, харгана гэх мэт бут сөөг болон Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хөгнө хан ууланд Рашааны, Хийдийн, Худгийн, Бяцхан булгийн, Цэцэрлэгийн, Ханхарын, Самарт, Баялаг гэх мэт үзэсгэлэнт сайхан амууд бий.

Халхын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын (Х\/II зуун) үеэс энэхүү ууланд хан цол өргөмжилж, тахиж шүтэж ирсэн гэдэг. Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай. Хайрханы хамгийн зүүн тал нь Хадагт хошуу бөгөөд түүнийг зүүн чих, хамгийн баруун тал нь Рашаантын агуй бөгөөд түүнийг баруун чих хэмээнэ. Энэ хоёр чихэнд зовлон, жаргалаа ярьж, хүслээ шивнэсэн хүний ажил үйлс бүтнэ хэмээн шүтэн биширдэг. Хөгнө хан уулыг догшин хайрхан хэмээн хүндэтгэн уулнаас мод огтолж, чулуу хөдөлгөхийг цээрлэдэг. Хайрханы оройн тагт дээрх жижиг нууранд алтан загас бий хэмээн нутгийнхан домог ярьдаг. Хөгнө хан уулын өвөрт Хөгнө-Тарны хийд буюу Эрдэнэ хамбын хийд байжээ.

Эл хийдийг Өндөр гэгээн Занабазар өөрийн багш Эрдэнэ цоржид зориулан байгуулсан гэдэг. Эрдэнэ цорж Лхасын эргэл мөргөл хийж яваад улаан сахиус Жамсран бурхныг залж авчирсан тул уг хийдийг “Жамсрангийн орон" хэмээн нэрлэх нь бий. Тус хийдийг 1994 онд сэргээн засварласан юм. Хөгнө хан уулын нэрний тухайд нэгэн хууч яриа байдаг. “Энэ уулын тагтад Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган алтан ганжиртай, зун цагт хурал ном хурдаг, даяанч лам нарын шавилан суудаг ариун номын газар байв. Гэтэл цагийн байдал ороо бусгаа болж Халх-Ойрадын хооронд дайн дэгдэж, Галдан бошигтын цэргүүд Хөгнө хан уулын ойр орчинд Өндөр гэгээн Занабазарын албат лам нарын суудаг өвгөн сүмийг хайж ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан учир цэргүүд ололгүй буцжээ.

Гэтэл нэгэн эмгэн “цэргүүд буцаад явчихлаа, одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэжээ. Цэргүүд хайрханаас бууж зэргэлдээх уулын оройгоор явж байтал нуугдаж хоцорсон өвгөн сүмийн алтан ганжир өглөөний ургах наранд гялалзаж байхыг хараад эргэн ирж сүмийг олоод 100 орчим лам нарыг баривчлан хүзүүгээр нь хөгнөн холбож, амийг нь хороогоод сүмийг галдан шатаасан түүхтэй. Түүнээс хойш хайрханыг Хөгнө хан гэх болжээ” гэсэн аман түүх бий. Хөгнө хан ууланд буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хярс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтад бий. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг‚ монгол чичуул, сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Жигүүртэн шувуудаас цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог, хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг. Хадан дунд нь ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашаан ундаргатай.

Энэхүү хайрханд өвгөн болон Залуу хийд‚ Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулуун хөшөө, Аман хадны буюу Мааний хадны маанийн үсэг, Хөгнө хан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө хэмээх газар олон тооны булш буй.

Хөгнө хан ууланд ХХ зууны Монголын кино урлагийн сор болсон бүтээл “Мандухай сэцэн хатан" киноны зураг авалтыг хийжээ. Одоо Хөгнө хан, элсэн тасархай орчмын бүс нутаг гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан газар болж, аялал жуулчлал хөгжиж байна. Орхон, Сэлэнгийн ай савын бэсрэг уулсын өмнөд хэсэгт нуур голоос нэлээд тусгаар байдалтай тайгын болон хээрийн ургамал, амьтан нэг дор орших онцлогийг харгалзан экосистемийн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1997 онд анх Байгалийн нөөц газрын ангиллаар 46,990 га талбайг улсын тусгай хамгаалалтад анх оруулжээ. 2003 онд Тарна гол, Монгол элс, Их бага Монгол уул орчмын газар нутгаар өргөтгөн 84,134 га талбайтай Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газар болгосон юм.

М.Батжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.