
Засгийн газар импортын цементийг гаалийн татвараас чөлөөлсөн шийдвэр дээр сууриа илэрхийлье. Алдартай Дарханы замын бүтээн байгуулалтад МонЦемент хамгийн их хэмжээний цементийг нийлүүлсэн байдаг. Харин цааш нь импортын цементээрээ явуулах юм байна гэж Засгийн газраас гаргасан шийдвэрээс ойлгосон. Уг нь бол цемент нь стратегийн бүтээгдэхүүн, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг.
Аливаа стратегийн ач холбогдолтой чанарын өндөр стандартаа тогтмол барих бүтээгдэхүүнийг бид аль болох өөрсдөө эх орондоо буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэхийг, эдийн засагтаа хувь нэмрээ оруулахыг, ямар ч бүтээн байгуулалтыг таслахгүйн төлөө үндэсний үйлдвэрлэгчид бид зогсолтгүй ажилладаг. Дотоодын үйлдвэрлэгчийн 1 тонн цементийн үнэ Засгийн газрын мэдээлсэн шиг 600 мянган төгрөг биш ба үйлдвэрийн үнэ 280-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Харин импортын цементийн үнэ энэнээс хамаагүй илүү өртөгөөр нийлүүлэгдэх төлөвтэй байна. Хомсдол үүссэн шалтгаан Хөтөл болон Мөнхийн баян гал үйлдвэр гэнэтийн зогсолт хийсэнтэй холбоотой. Нэгэнт эхлүүлсэн үйлдвэрлэлийг төлөвлөснөөс их хэмжээгээр нийлүүлэх бололцоогүй байдаг. Түүхий эд бэлтгэх хугацаа болон удаан хадгалах боломжгүй цементийн чанарт буюу бат бэхийн үзүүлэлтийн стандарт гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг.
Түүнчлэн манайхны нүүрс, төмрийн хүдрийн экспортод хэт их анхаарал тавьсан бодлого нь төмөр замын дотоодын тээврийг орхигдуулахад хүргэсэн. Барилгын улирал ид эхлэх үед буюу 4 дүгээр сараас эхлэн цемент тээвэрлэлт жигд явахад хүндрэл учирдаг. Хөтөлийн үйлдвэрийн гэнэтийн зогсолт, төмөр замын тээврийн доголдол зэрэг нь хомсдолын шууд шалтгаан байлаа.
Саяхан буюу 2015 он хүртэл нийт цементийн хэрэглээнийхээ 90 хүртэлх хувийг бид импортоор авч байсан. Харин үндэсний үйлдвэрүүд ашиглалтад орсноор дотоодын хэрэглээг 100% хангах боломжтой болсон. Хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид бид ер нь байж болох хамгийн хүнд шалгууруудтай тулалдаж, хөгжлийн хамгийн бартаатай замыг туулж, хууль шүүхийн байгууллагаар явж, үнэний талд үргэлж зогсон, итгэл мохохын ирмэг дээр ирсэн. Импортын цементийн чанар, үнэ өртөг, үүнийг дагаад үүсэх шударга бус өрсөлдөөний асуудлыг манай Засгийн газар хэрхэн зохицуулах юм бол? Дотооддоо цемент зөөх вагон хангалтгүй хэр нь импортын цемент зөөх вагон яаж олдоод бн?
Цемент нь барилгын үндсэн материал бөгөөд чанар, стандарт, бат бэхийн үзүүлэлт өндөр түвшинд байх ёстой бүтээгдэхүүн юм. Бусад удаан хадгалагддаг ердийн бүтээгдэхүүнтэй адилгүй. Цементийн зориулалтын дагуу хадгалах хугацаа 6 сар байдаг. Харамсалтай нь Замын-Үүдэд импортын цементийн чанарыг шалгах лабораторигүй учраас эргээд буух эзэнгүй цемент орж ирэх эрсдэл өндөр. Үүнээс гадна их хэмжээний валют эдийн засгаас урсан гарч импортын цементийг оруулж ирснээр дотоодод үлдэх байсан мөнгөн урсгал, валютын гадагшаа урсгалыг хязгаарлах, дотоодын нөөцөө нэмэгдүүлэх бодлогоосоо ухарсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үр дүнд нь төгрөгийн ханшийн уналт эрчимжиж, инфляц өссөнөөр иргэдийн нуруун дээрх үнийн өсөлтийн дарамт улам нэмэгдэнэ гэж харж байна.
Нармандахын Мөнхнасан
Монполимет группын ерөнхий захирал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.