Толгой чинь л өвдөж байгаад баярла!

Twitter Print
2022 оны 11-р сар 15-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Амьдралд юу ч болж байсан гомдоллохгүй байх ухаанд би хоёр хүнээс суралцсан юм.

Нэрт дуучин болсон ч нэг хүний купегээр зорчиж хараахан дийлдэггүй байхдаа би дунд хэргэм насны нэг эрэгтэй, хоёр залуухан бүсгүйн хамт нэг купенд аялж таарсан юм. Бүсгүйчүүд ажил, амьдралын минь талаар шалгааж гарахад нь би:

- Үнэхээр аймшигтай... байнга аялан тоглолтоор явсаар нөхөр, хүүдийнхээ барааг ч харахаа байлаа. Байнга стресст орсоор байгаад хэдийд ч хоолойгоо алдаж мэднэ гэх зэргээр зовлонгоо тоочиж гарав.

Нөгөө эрэгтэй миний яриаг чимээгүй сонсож байснаа:

- Чи тэгвэл чулуу бэлтгэл дээр ажиллаж үзмээр байна уу, над шиг? гэхэд нь би ичиж үхэхээ шахаж билээ.

Хоёр дахь сургамжаа би нэг эмчээс авсан юм. Би мигрень өвчнөөр дөчөөд жил шаналж явсан юм. Мигрень нэг эхэлбэл бүтэн өдөр... заримдаа хэдэн хоногоор ч орноосоо босдоггүй байв. Эмч нар хэлэхдээ Ленинградын бүслэлтэд их өлсөж явсантай холбоотой байх гэдэг байв.

Нэг удаа мигрень хөдлөөд тэсэхийг аргагүй болоход нь би түргэн дуудуулав. Төд удалгүй өндөр нуруутай, биерхүү эмч (эмэгтэй) манайд ирлээ. Би ч түүнийг харангуутаа:

- Тэнгэр минь, ямар хүчтэй өвдөнө вэ?! Хэнд ч муу юм хийх нь бүү хэл муу санаж ч яваагүй. Гэтэл яалаа гэж энэ вэ! хэмээн уулга алдав.

Тэгсэн нөгөө эмч чинь хоёр гараа ташаандаа тулснаа нэг их бүдүүн дуугаар:

- Та чинь яасан ичдэггүй хүүхэн бэ! гэхэд нь би гайхсандаа буйдан дээрээсээ золтой л уначихсангүй.

- Толгой чинь л өвдөж байгаад баярла! Хэчнээн олон хүн хэдэн жилээр хэвтэрт, маш хүчтэй өвдөлтөөсөө болоод тарчилж хэвтдэгийг чи мэдэх үү? Аль нэг эрхтэн чинь өвдөхөд “Бурхан минь, энэ эрхтэн л (өвдөж) байгаад баярлалаа!” гэж бай гэв.

Итгэхэд бэрх ч гэлээ энэ үгийг сонсоод л миний толгойны өвчин намдчих шиг болсон. Тэр жилдээ дахин хэд хэдэн удаа мигрень хөдөлсөн ч тийм ч хүчтэй байгаагүй. Дараа нь би толгой өвддөгөө бүр мөсөн мартсан. Тэр цагаас хойш би ямар нэгэн юм өвдөнгүүт: “Бурхан минь, зөвхөн энэ л байгаад баярлалаа!” гэдэг болсон доо.

- Елена Образцова, алдарт дуурийн дуучин

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.