
Жил бүрийн 5 сарын 16-нд олон улсын гэрлийн өдөр тохиодог. Ингээд гэрлийн тухай:
1. Гэрлийн өдрийг 2018 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар Олон улсын гэрлийн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэх тухай шийдвэрийг баталжээ. Өдрийн гол зорилго нь шинжлэх ухаан, технологи, соёл, харилцаа холбооны салбарын төдийгүй хүний өдөр тутмын амьдралд хамгийн чухал үүрэгтэй гэрлийн ач холбогдлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах бөгөөд яагаад заавал 5 сарын 16-ыг сонгосон бэ гэвэл 1960 онд физикч, инженер Теодор Майман 5 сарын 16-нд анхны лазер гэрлийг амжилттай туршсаныг сонгож, түүнд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг. НҮБ 2015 оныг бүхэлд нь гэрлийн жил болгон тэмдэглэж байлаа.
2. Эрт цагаас хүн төрөлхтөн гэрэл гаргахдаа чулуу, хясаа, малын өөх тос, тосонд дэвтээсэн модоор тосон дэнлүү хийж гэрэл гаргасан бол түүнээс хойш янз бүрийн материал ашигладаг болсон ч одоогийн цахилгаан, чийдэнг бүтээх хүртэл маш урт хугацааг туулсан. Гэрэлтэй холбоотой хамгийн эртний судалгааны материал МЭӨ 320-аад оны Демокрит, Эпикур, Платон, Аристотель нарын бүтээлээс олдсон аж. Гэтэл гэрлийг бодит болгосон цаг хугацаа харьцангуй сүүлд буюу 1802 онд Хамфри Дэви улайсдаг цахилгаан чийдэнгийн өмнөх үе болон цахилгаан нуман чийдэнг электродуутай холбосон цахилгаан нуман гэрлийг /electric arc lamp/ бүтээснээс эхэлдэг. Харамсалтай нь цахилгаан нуман гэрэл хэт хурц тод, бас амархан шатдаг учраас гэр ахуйн болон ажлын хэрэгцээг хангаж чадахгүй байлаа. Гэхдээ яг энэ цахилгаан нуман гэрлээс 1815 онд уурхайчны аюулгүйн гэрэл, 1800-аад оны үеийн Парис зэрэг Европын хэд хэдэн хотын гудамжны гэрэлтүүлгийг санаа авч бүтээсэн гэдэг.
3. Харин 1850 онд Английн физикч Жозеф Сван үнэтэй мөртлөө амархан шатдаг чийдэнгийн цагаан алтан утсыг нүүрсжүүлсэн цаасан утсаар /carbonized paper filaments/ сольж, үүнийгээ 1878 онд Их Британийн патентын албанд бүртгүүлэв. Гэсэн ч энэ нь бас л өдөр тутмын ахуйн хэрэглээг хангаж чадахгүй байлаа. Томас Эдисон цахилгаан чийдэнгийн дутагдлыг ол харснаар 1879 оны 12 сард илүү сайжруулсан гэрлийн чийдэнг бүтээж, олонд танилцуулсан юм. Жозеф Сван Эдисоны гэрлийн чийдэнгийн сайжруулалтыг ашиглан Англид цахилгаан гэрлийн компани байгуулж, Эдисон ч Сваны эсрэг патентын зөрчлийн хэрэг үүсгэсэн нь бүтэлгүйтэв. Хожим нь Эдисон, Сван 2 эвлэрэн Эдисон-Сван Юнайтед нэртэй холбоо байгуулж, дэлхийн хамгийн том гэрлийн чийдэн үйлдвэрлэгч болсон. 1960-аад оны эхээр General Electric-ийн ажилтан Ник Холоняк санамсаргүйгээр улаан LED гэрлийг зохион бүтээж, гэрлийн хэрэгсэл болгон ашиглах патент авсан бол 1990-ээд оны эхээр Япон, Америкийн эрдэмтэд Исаму Акасаки, Хироши Амано, Шүжи Накамура нар цэнхэр өнгийн LED-ийг бүтээж, үүнийхээ төлөө 2014 оны Физикийн Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 21-р зуунд дуут команд болон ухаалаг утас ашиглан асааж, унтраах тушаал өгдөг утасгүй гэрэлтүүлэг “моодонд” орсон билээ. Ингэж гэрэл сүүлийн 150 жилийн хугацаанд тасралтгүй сайжирсаар байгаа билээ.
4. Гэрлийн тухай баримтуудаас: Нэн тэргүүнд гэрэл болон долгион хэлбэрээр тархдаг энергийн нэг хэлбэр юм. Гэрлийн хурд вакуум орчинд 300,000 км/секундын хурдтай тархдаг бол агаар мандалд саадтай орчинд удааширна. Гэрэл нь шулуун чиглэлд хөдлөх бөгөөд замд нь саад таарвал сүүдэр үүсгэнэ. Абсолют тэг хэмээс дээш температурт байгаа олон амьд биет /биолюминесцент - дулаан гаргах/ гэрэлтдэг боловч хүний хувьд бидний ялгаруулдаг гэрэл дэндүү сул учраас энгийн нүдэнд харагддаггүй. 13.8 тэрбум жилийн өмнөх их тэсрэлтийн гэрэл дэлхийд хүрэхийн тулд 240,000-300,000 жил зарцуулсан гэдэг. Хүний нүд нь цацарч байгаа гэрэл эсвэл ямар нэгэн биетэд туссан гэрлийг харна.
5. Цахилгаан гэрлийн чийдэн хүний гараар бүтээсэн хамгийн чухал нээлтэд тооцогддог. Гэрэлтэй болсноор нийгмийн дэг журам тогтож, ажлын өдөр уртасч, хоол хүнсний төрлүүд шинээр үүсэн төрөлжиж, халуун хүйтнийг тохируулж, хүний биеийн өсөлт нэмэгдэж, физиологийн зохицуулалт сайжирч, хатааж, ууршуулж, тээврийн хэрэгслийн хурдны зохицуулалт хийх гээд хүний амьдралыг гэрэлгүйгээр төсөөлөх аргагүй. Гэрэл аз жаргалын гормон гэгддэг серотонин болон бидний нойр, сэрүүн байдлыг зохицуулдаг мелатонины нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Мөн хүний бодисын солилцоог дэмжиж, жингээ хэвийн хэмжээнд байлгахад ч тусалдаг. “Globe at Night” олон нийтийн шинжлэх ухааны төслийн судалгаагаар 2011-2022 оны хооронд дэлхийн гэрлийн бохирдол жилд ойролцоогоор 9.6%-иар өссөн гэж гарсан. Хүн өдөрт дунджаар 29 киловатт, 1 сард 890 кВт, жилд 10,577 кВт цахилгаан хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд санал асуулгад оролцсон хүмүүсийн 50% нь цахилгаангүйгээр амьдарч чадахгүй гэжээ.
Олон улсын гэрлийн өдөр
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.