
Энэ баасан гарагт Иранд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна.
Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ба 2019 оноос хойш Ираны Шүүх засаглалын тэргүүнээр ажиллаж байгаа 60 настай Ибрахим Раиси Ираны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа аж. Тэрээр өмнө нь Ираны Ерөнхий прокуророор ажиллаж байсан туршлагатай аж.
Ибрахим Раиси сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд "хүчирхэг Ираны төлөөх ардын засаглалыг" байгуулж, ядуурал болон авлига хээл хахуультай тэмцэнэ хэмээн амлаж, бүрэн эрхийнхээ хугацаанд 4 сая байшин барина гэжээ.
Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан ч нэр дэвшигч Хассан Роуханид ялагдсан юм.
Ибрахим Раиси өмнө нь Ираны олон улстай хийсэн цөмийн гэрээг хатуу шүүмжилж байсан ч АНУ гэрээнд эргэж орвол гэрээний нөхцлийг биелүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж эхэлжээ.
Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Ираны улс төр, шашны зүтгэлтэн байх ёстойгоос гадна Иран улсаас гаралтай, Иран улсын иргэн байх ёстой ба удирдан зохион байгуулах чадвартай, баялаг намтар түүхтэй, Ираны албан ёсны шашинг шүтдэг байх ёстой аж.
Одоогийн Ерөнхийлөгч Хассан Роухани нь 2013 оноос хойш Ираны төрийн тэргүүнээр ажиллаж байгаа ба Ираны үндсэн хуулийн дагуу сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болжээ.
Мэргэжилтнүүд Ибрахим Раиси Ираны төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд Иран улсын төрийн эрхийг Барууны улс орнуудтай харилцаа тогтоохын эсрэг үзэлтэй консерваторууд атгаж эхэлнэ гэж үзэж байна. Түүнээс гадна энэ удаагийн сонгуулийн ирц бага байх төлөвтэй байна гэжээ.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Эхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.