Эд зүйлс цөөхөн байх тусмаа таны өөртөө зарцуулах цаг их болно

Twitter Print
2022 оны 06-р сар 08-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Эд зүйлс ЦӨӨХӨН байх тусам Таны цаг үржигдэнэ

Өөртөө цаг гаргадаг тухай Канэко Юкико-гийн зөвлөгөөтэй танилцацгаая. Түүнийг “Худалдаж авахгүй” зуршил нэрт номоор нь эчнээ таних болсон. Надад хамгийн ихээр талагдсан хэсэг бол “Хүн бүрт 24 цаг бий. Гэхдээ түүнийг хэрхэн ашиглахаас бүх зүйл хамаарна” гэдэг улиг домог болсон үгийг үгүйсгэсэн явдал юм. Мэдээж бид бүхэнд ижил цаг хувиарлагдсан. Гэвч 1 цагийг хэрхэн мэдрэхээс АМЬДРАЛЫН ЧАНАР шалтгаалдаг хэмээжээ.

Жишээ нь хайртай хүнтэйгээ ярилцаж байхад цаг хугацаа харвах мэт өнгөрөх бол дургүй ажлаа үргэлжлүүлэхэд чилийгээд ер явж өгөхгүй. Хөгжилтэй сайхан байхад цаг хугацаа ниснэ. Уйтгар, гунигийн дунд цаг хугацаа гацаж орхино. Өөрөөр хэлбэл энэ эргэлдээд буй цаг хугацаа нь айл бүрийн хананд хадаатай харагдавч, яг үнэндээ ЗҮРХ СЭТГЭЛД оршдог байна. Дараа нь бодогдох, сэтгэл зүрхэнд хоногших цаг хугацааг бүтээхийн төлөө цагтай нөхөрлөвөл ямар вэ?

Хүн бүхэнд таалагдахыг зорих бус өөрийн үйлдлээсээ аз жаргалыг мэдрэх.

Олон зүйлийг амжуулж чадахгүй байсан ч гүйцэтгэж чадсан ганцхан зүйлдээ талархах.

Эд зүйлсдээ хайртай байх.

“Завгүй”, “Бөөн ажил”, “Гэрийн ажил барагдахгүй юм” гэх мэт үгсийг хэлэхгүй байх. Үг эзнээ ороодог. “Чамд юу хэрэгтэй байна вэ, алив нааш суу сонсьё” гэж хэлэх чөлөөтэй байцгаая. Бусдын нүд рүү нь харж ярилцах.

Эд зүйлсээ багасгах. Нэгэн судалгаанд нүдэнд өртөх зүйлс их байх тусам бодол олширч, төвлөрдөггүй болохыг баталсан байна. Энгийн жишээ, шалаар дүүрэн юмс хөглөрсөн байхад түүнийг соруулахад хэчнээн их цаг хугацаа зарцуулагдах билээ дээ.

Яг одоо хийж буй зүйлдээ 100% төвлөрөх. Хоол идэнгээ утсаар ярих, хүүхдүүдтэйгээ тоглонгоо хувцсаа эвхэх, зурагт үзэнгээ ханьтайгаа ярих гэх мэт. Дурдвал өчнөөн бий. Эдгээр цагууд бол дараа мартагдах ЧАНАРГҮЙ ЦАГУУД юм. Хийж байгаа бол яг түүнийгээ хараад, мэдрээд, өөрийн биеийг зориулах. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлээрээ мэдрэх чухал юм.

Хийх ажлаа багасгах. Заримдаа хэтийдсэн ачааллаас болж ядрах, стресс-дэх үе хүн бүхэнд бий. Энэ үеээ сайхан мэдрээд:

Бусдаас туслалцаа хүсэх. Намайг жаахан орлоод өгөөч, тэгэх үү хэмээн үнэнгээ хэлэх тустай.

Мөнгөнд тулгуурлах. Гуйх туслах хүн үнэхээр олдохгүй бол мөнгөний хүчийг үзэх.

Бүр болохгүй бол хэт хүчлэхгүй, зүгээр орхих. Дараагийн өдөрт үлдээе гэсэн үг.

Жаахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл түгээсэн гэдэгтээ итгэлтэй байна. Дараа уулзацгаая

Цаг хугацаа хананд биш зүрх сэтгэлд бий.

Ээнээгийн тэмдэглэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.