М.Чимэдцэеэ - Хожмын хувь тавилан минь тийнхүү хормын зуур шийдэгдсэн нь төөрөг тавилан байж дээ...

Twitter Print
2023 оны 01-р сар 03-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

МУСГЗ, доктор, профессор, хятад судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ “БИ УУЛЫН ХҮН” нэртэй дуртгал бодролын номын хэсгээс та бүхэнд толилуулж байна. 

...Би дунд сургуулийн 6,7-р ангийн сурагч байхаасаа л монгол хэл, уран зохиолын хичээлд илүү шимтэн дурлах болсон юм. Уран зохиолын ном их уншдаг, ямар л ном олдоно, тэр дор нь уншиж дуусгадаг байв. Тэр үед шинээр гарсан ном хэвлэл удаж төдөлгүй дорхноо л аймагт ирдэг, түүнийг олж үзэх гэж шимтдэг байж билээ. 9,10-р ангид байхдаа сургуулийн номын сангийн сонирхолтой сайхан гэсэн номын бараг дийлэнх хувийг уншиж дуусгасан байх. Тэр үеийн хөдөөгийн хүүхдэд хааяа ням гарагт өдрийн цагаар ганц нэг кино үзэх, гэртээ шугамын радио сонсохоос өөр үзэж харах юм байгаагүй болохоор ном л уншихаас өөр яахсан ч билээ. Манай сургуульд Галбадрах, Оюунцэцэг гээд монгол хэл, уран зохиолын сайн багш нар хичээл зааж байсан нь их нөлөөлсөн байх. Галбадрах багш уран зохиолын дугуйлан хичээллүүлдэг, би тэр дугуйланд явдаг байв. Дугуйлангаар чухам юу сурч байснаа одоо санадаггүй. Бодвол толгой холбож тоочсон цагаан шүлэг бичиж, багш засаж зөвлөдөг байсан биз ээ. Сургуулиас үе үе гаргадаг, зураг хөргөөр чимэглэсэн үзэмжтэй гоё ханын сонинд зарим хүүхдийн бичсэн шүлгээс тавьдаг байсныг санаж байна. 9-р ангид байхад миний бичсэн “Цамбагарав” нэртэй цагаахан шүлэг “Залуучуудын үнэн” сонинд нийтлэгдэв. Би өөрөө сонины газарт шүлгээ лав явуулаагүй, тийм ухаан ч төрөхгүй байсан, манай сургуулийн хэн нэгэн багш л авч илгээсэн байх. Би нэг их хөөрч баярласнаа санадаггүй юм. Хүүхдүүд, багш нарт хэвлэгдсэн шүлгээ үзүүлж гайхуулсан ч үгүй, тэгсгээд мартагдаж өнгөрсөн билээ. Тэгээд ч бага залуудаа зураг зурж, шүлэг бичээгүй хүн бараг байдаггүй биз дээ.

Би утга уран зохиолын ном бичигт шимтэж, дурлаж явснаас биш, ирээдүйд уран зохиолыг урлан бүтээдэг шүлэгч, зохиолч болно гэж хэзээ ч мөрөөдөж байгаагүй, надад тийм авьяас ч заяасангүй. Харин харь гүрний хэл бичигт суралцаж, эрдэм судлалын ажил хийж, эрт эдүгээгийн ном бичиг дуун хөрвүүлэн орчуулах хувь тавилан надад оногджээ.

Эртний дорно дахины гүн ухаанд тэнгэрийн цаг тохиол, газрын хишиг буян, хүмүүний эв зохирлын тухай өгүүлдэг юм.

Тэнгэрт өөрийн цаг тохиол буй

Газарт өөрийн цаглашгүй хишиг буян буй

Хүмүүнд цаг тохиол, цаглашгүй хишгийг хүртэхүйн хувь буй.

Тэнгэрийн цаг тохиолоор эрдэнэт хүмүүний биеийг олж, энэ хорвоод эсэгнээд, газрын хишиг буянаар өсөж торнин, хүмүүний эе зохирлоор аж төрж, нэгэн насыг элээдэг нь ертөнцийн жам ёсон ажгуу. Тэнгэрийн цаг тохиолоос тусгаар ангид оршихуй нь нэгээхэн ч үгүй хэмээнэ. Өнгөрөн одсон он жилүүд, явж ирсэн зам мөрөө өнөө эргэцүүлэхүл, миний ирээдүйн их харгуй, амьдралын зам мөр хэдхэн хормын агшинд бүрнээ шийдэгдсэн учрал тохиол надад олонтоо тохиолдож байсан нь чухамдаа хөх тэнгэрийн цаг тохиол, хөрст газрын ивээл буян, хүмүүн зоны эв зохирлын үр байж дээ хэмээн бодогддог юм.

Дунд сургуулийн 8-р ангиа төгсөөд би техникумд явж сурахаар санаа шулуудав. Эртхэн сургуульд явж, мэргэжил олж, амьдралд хүрье гэж бодсон байх. Хэдэн жил сайхан үерхсэн, үе тэнгийн зарим анд нөхөд техникумд явж суралцахаар шийдсэн нь намайг бас өдөөсөн байх. Аав ч төдийлөн дургүйлхсэнгүй. Төмөр замын техникумд явахаар шийдэж ангийн багшдаа учраа хэлэв. Манай ангийн багш Сабигийн Билал гэж хүний дээд болсон сайхан багш байсан юм. МУИС-ийн физикийн салбарыг онц дүнтэй, улаан дипломтой төгссөн цөөхөн хүний нэг. Их сургуульдаа багшаар үлдэж, эрдэм судлалын их оргил өөд мацах боломж дүүрэн байсан ч, өндөр настай эцэг эхээ өргөн асрахын төлөөнөө төрсөн нутгаа зорьж, дунд сургуульд багшилсан гэдэг. С.Билал багш чухам багш хүний бүхий л нандин сайхан чанарыг шингээж төрсөн хүн байсан юм. Үглэж янших, уурлаж бачимдах нь ер үгүй, ёжтой хэдхэн үгээр ямар ч хүнийг сэнхрүүлж чаддаг багш байлаа. Хичээл номдоо шамдагтун хэмээн шахахаасаа илүүтэй хүн явахын чухлыг сургадагсан. Дорнын нэгэн гүн ухаантан “Эрдмийг цэнгэл болгогтун” хэмээн сургасан байдаг. Физикийн хичээлийг чухам тийм “цэнгэл болгон” хүний ой тойнд нь шингэтэл ойлгомжтой, сонирхолтой зааж чаддаг байсан нь өнөөдөр ч санаанд тодхон. Чухам тийм л эрдэм чадалтай багш нарын ачаар II 10 жилийн дунд сургуулиас тоо, физикийн хичээлд толгой дээгүүр хүүхэд олноор тодорсон юм. Төдөлгүй багш маань өөр сургуульд ажиллахаар шилжин, бид ч 10-р ангиа төгсөн, сургууль соёлын мөр хөөж одсон билээ.

Олон жилийн дараа багштайгаа уулзан золгосон нэгэн учралыг өнөөдөр ч тодхон санаж байна. Хожим МУИС төгсөж, Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны Гадаад нэвтрүүлгийн албанд ажиллаж байсан 80-аад оны дундуур нэгэн өдөр “Хүн уулзахаар ирээд байна” гэж харуулын өрөөнөөс дуудуулахад нь хүрч очвол, С.Билал багш маань хүлээж байлаа. “Чамайг энд ажилладаг гэж сонссон, тэгээд чухам хаана ямар ажил хийдгийг чинь харах гэж ирлээ” гэж билээ. Олон жилийн өмнөх жирийн нэгэн шавиа он жилүүдийн уртад марталгүй эргэн санаж, ажил албыг нь асууж сураглан, хэрэг болгон эргэж ирнэ хэмээн тэнэгхэн шавь яахин санах билээ. С.Билал багш чухам тийм л сүүн цагаан сэтгэлтэй, саруул ухаан бодолтой хүн байсан даа. Багшаасаа техникумд явуулж өгөөч гэж гуйлаа. С.Билал багш миний ар гэр, ахуй амьдралыг сайн мэдэх учраас за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй, ар гэрийг нь бодвоос зөвшөөрмөөр, алс хэтийг нь бодвоос эс зөвшөөрмөөр байсан байх. “Сургуулийн захиралтай л уулзаж учир байдлаа ярь. Тэнд л шийднэ” гэж хэлэв.

Манай сургуулийн захирал Цэвэгжавын Хорхой гэж гайхамшигтай багш байв. Сургуулийн захирлаар олон жил ажиллаж, сурч мэдэхийн хүслэнтэй олон арван хүүхдийг хүн болгож, алс хойчийн ажил амьдралынх нь замд залж чиглүүлсэн ачтай буянтай хүн. “Математик бүх шинжлэх ухааны хаан” гэсэн мэргэн үгийг байн байн хэлэх дуртай, тооны ухаанаас бусдыг төдийлэн тоож ойшоодоггүй, тоонд дуртай хүүхдийг тэргүүн дээрээ залахаас ч буцахгүй тийм л гайхалтай багш байв. Өндөр Алтайн уулс шигээ сүрлэг том биетэй захирал нөгөө л төвөгтэй хэцүү тоо бодлогынхоо хариуг тархиндаа бодож явна уу гэлтэй, байн байн баруун гараараа дохин, өөртэйгээ ярин, сургууль гэрийнхээ хооронд сүр бараатай алхаж явдагсан. “Улс Монгол орноо хөгжүүлэх хэрэгт эрдэм чадалтай инженер хэрэгтэй, инженер болох хүн эхлээд математикт сайн суралцах ёстой” гэж үргэлж сургадагсан. Гэрийн даалгаварт хэдэн арваар нь бодлого өгч, ганцхан хоногийн дотор бодож ир хэмээн шаарддаг байсан юм. Ц.Хорхой багшийн хатуу гарт нухлуулж, тооны хичээлд толгой өвдөхгүй төгссөн манай ангийн олон хүүхэд гадаад, дотоодын их дээд сургуульд элсэн, багшийн хүслэнг биелүүлж, инженерийн мэргэжил эзэмшсэн билээ.

Айн сүрдэж, өвдөг чичирсээр Ц.Хорхой захиралтай уулзсан байх. Учир байдлаа хэлсэн чинь хүний урманд тоож сонссонгүй. “Олон таван юм бүү ярь. 9-р ангид ор. Өөр яриа байхгүй.” Ингэж л хэлсэн санагддаг юм. Тийнхүү хэдхэн хормын дотор сургуульд явах хамаг хүсэл бодол минь бүрмөсөн нурж, цаашдын зам мөр минь хормын төдийд шийдэгдсэн юм. Төмөр замын техникумын хуваарь ч тэр жил ирсэн байлаа. Төмөр зам нь биш ч гэсэн, өөр ямар нэгэн сургуулийн хуваарь дуун дээр өгөөд явуулсан бол, миний хувь тавилан ямарханаар эргэх байсныг эдүгээ хэн хэлж чадахсан билээ. Хожмын хувь тавилан минь тийнхүү хормын зуур шийдэгдсэн нь чухамдаа тэрхэн мөчид тохиосон тэнгэрийн цаг тохиол, төөрөг тавилан байж дээ хэмээн бодогддог.

9,10-р ангид Ц.Хорхой захирал математикийн хичээл зааж, молхи шавь намайг тоонд дуртай болгох гэж аргадаж хэлж, аашилж загнаж, бүр алганы амт үзүүлээд ч бараагүй. Хувь заяаны төөрөг тавилангаар, хүсэж мөрөөдсөн МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид элсэхээр уралдаант шалгалтад орж тэнцсэн байв. Уралдаант шалгалтын үеэр Ц.Хорхой багш байгаагүй, хот хүрээ явсан сурагтай байлаа. Төдөлгүй багш ирж, сургуулиар харагдах болж, би ч гэм хийсэн хүн мэт гэлбэлзэн, уулзалдахгүйг хичээн, бараа нь харагдвал бултаж зугатаасаар байлаа. Гадаадад суралцах хуваарь авч, хотод очиж шалгалт өгөх эрх авсан ангийн андууд “Үзүүргүй амьдралын алтан зам, үйлсийн оргилд биднийг дагуулна” хэмээн дуулалдан хот хүрээ нисэн одсон хаврын нэгэн гунигтайхан өдөр сургуулийн үүдэнд Ц.Хорхой багштай халз тулгарчихав. Над руу нэг сүрхий цоргин харснаа “Утга зохиол уу?” хэмээн ууртай ширүүн асуухад, би ч дорой дуугаар “Тийм” хэмээн хариулж, багш юу ч дуугаралгүй цааш эргэн одож билээ. Чингэж багш маань сэтгэл гонсгор үлдсэн юм. Тэр цагаас хойш тааралдаж уулзалдсангүй хэдэн жил өнгөрч, гэр бүлтэй болж, МУИС төгсөх жилийн өвлийн амралтаар гэргийгээ дагуулан нутагтаа очив. Аав “Хол нутгийн халх бэр маань ирэв” хэмээн бяцхан цайллага базааж, амьтан ахан дүүсийг урихад Ц.Хорхой багш хот айлынхаа хүмүүсийг дагуулан аавын жижигхэн гэрт зочилж ирсэн юм. Багш маань баяр хөөртэй, сэтгэл хөхүүн, зүрхний сайхан ерөөлийн үг хэлж, “Би чамайг инженер болгох гэж тун ч их бодсон юм. Тэгэвч чи тэс өөр мэргэжилтэй болжээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, хүний зэрэгтэй яваарай” хэмээн захиж билээ. Тэр үг захиасыг өнөө хүртэл сэтгэлдээ хатангатал санан дурсаж явдаг юм даа...

 

Холбоотой мэдээлэл:

М.Чимэдцэеэ - БИ УУЛЫН ХҮН /дуртгал, бодрол/ - http://mongolcom.mn/read/17884

М.Чимэдцэеэ - Хятад хэл гэж ямаршуухан хэл болохыг төсөөлөх ч юмгүй бядгуу амьтан хятад хэл бичигт суралцах зам шулуудсан нь энэ - http://mongolcom.mn/read/13263

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.