
Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд хэрэглэгч нь үүрэн утасны оператор компаниа сольсон ч утасны дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Уг үйлчилгээг нэвтрүүлэх нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.
Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөхгүй болох юм байна. Үүнээс гадна оператор компаниудын үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ, найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрдэх юм байна. Чуулганаар санал хураалт явагдаж дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Х.Эрдэнэсолонго
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.