Догдо арлын тухай та хэр мэдэх вэ?

Twitter Print
2022 оны 09-р сар 07-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Догдо арлын тухай та хэр мэдэх вэ?

Солонгос улсын Жэжү арлын талаар сонсож байсан эсвэл аялж үзсэн Монголчууд их байдаг. Харин энэхүү аралтай дүйцэхүйц алдартай арал болох Докдо арлын талаар та хэр их мэдэх вэ? Докдо арал дээрээс та бүхэнд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Докдо бол Солонгос улсын хамгийн зүүн талд байрлах өглөөний нарыг хамгийн эхэнд үздэг арал бөгөөд одооноос 4.6 сая – 2.5 сая жилийн өмнө 2000 метрийн гүн дэхь галт уулын дэлбэрэлтийн улмаас үүсч бий болсон Солонгос улсын хамгийн анхны арал юм.

Анх нэг том арал байсан боловч салхи шуурга, далайн хүчтэй давалгааны улмаас уг арал нь баруун болон зүүн гэсэн хоёр жижиг арал болон хуваагдсан байна.

Докдо арал дээр 50 орчим иргэд ажиллаж амьдардаг ба уг арал нь цаг агаарын хувьд салхи ихтэй, байнга манан татдаг боловч зундаа хэт халуун биш, өвөлдөө хэт хүйтэн биш учир энэхүү арлыг үзэх гэж жилд зуу гаруй мянган дотоод, гадаадын жуулчид аялах зөвшөөрөл аван очдог байна.

Докдо арлыг Солонгосчууд эрдэнэсийн арал гэж ярьдаг бөгөөд юу энэ арлыг ийнхүү алдартай болгодог талаар хамтдаа харцгаая.

Докдо арал нь газар нутгийн хэмжээний хувьд жижиг арал боловч газрын гүндээ асар их байгалийн баялагтай байна.

Докдо арлыг тойрон орших далайн гүнд метангидрат гэх нэгдмэл элемэнт байдаг ба энэ нь далайн гүнд хөлдсөн метан буюу хөлдсөн хатуу түлш юм.

Нэг ёсондоо далай доторх бичил биетүүдийн ялзарсан давхаргад метан хий болон байгалийн хийнүүд өндөр даралтын доор устай хамт хөлдөн энэхүү хатуу түлшийг үүсгэдэг гэж ойлгож болох юм.

Одоогийн байдлаар уг арлын ойролцоо 600 сая тонн метангидрат байгаа гэх тооцоо байдаг ба энэхүү элемент нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай ирээдүйн энергийн эх үүсвэр гэдгээрээ Докдо арал нь байгалийн асар их баялагтай гэж үзэж болох юм.

Докдо арал нь салхи ихтэй, хөрс нь нимгэн хад хавцлаас бүрдсэн учир ургамал ургахад үржил шимгүй орчинтой. Тийм боловч Докдо арал дээр 50-60 төрлийн ургамал ургадаг гэдгээрээ энэхүү арал нь онцлог хөрстэй гэж үзэж болох юм.

Түүнчлэн Докдо арал нь далайн төв хэсэгт байрладаг тул нүүдлийн шувуудын амрах газар болдог байна. Энгийн шувуудаас гадна мөхлийн эрмэгт байгаа ховор шувуудыг Докдо арал дээрээс харж болох бөгөөд хараацай, хар шувуу зэрэг 180 төрлийн шувууд Докдо арал дээр цуглардаг байна.

Нэмж дурдахад Докдо арлын ойролцоох далайд загасны шим тэжээлийн эх үүсвэр болох планктон их байх бөгөөд далайн бүлээн урсгал болон хүйтэн усны урсгал нийлдэг газар тул олон төрөл зүйлийн загас, нялцгай биет, далайн ургамал элбэг байдаг байна.

Энэ мэт газар нутгийн хэмжээний хувьд жижиг боловч өөртөө байхааргүй их хэмжээний байгалийн баялагтай Докдо арлыг та бүхэнд танилцуулахаар бэлтгэсэн мэдээг энд хүргээд жаргаая.

Мэдээллийг бэлтгэсэн: Бадамдорж Лхадарь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.