
Бид юуг мартаж, юуг санадаг юм бол?
Бид юуг гээж, юуг тээж явдаг юм бол?
ХАЙРЫН ЗАХИДАЛ ХЭДИЙ ҮНЭТЭЙ ВЭ?
Бие биедээ бид хол ойроос захидал бичихээ болиод хичнээн жил өнгөрснийг одоо хэн ч эргэн тооцъё гэхнээн барахааргүй болжээ. Лав л хоног тоолон довтолгож одсон хориод жилийн турш өмнөө цаас дэлгээд, үзэг харандаагаа хазлах, базлах шахам бичих үгээ олж ядан, бодол болж, санаа чилээн захидал тэрлэж суусан хэн байдгийг хэлж мэдэхгүй.
Урд нь бид яадаг байлаа даа, байз? Тийм ээ, ингэдэг байсан...
...Хүний амьдрал гэдэг урдаас хэлж таамаглах аргагүй хэлцэлтэй, тэгэхгүй гэхийн аргагүй тулгалттай. Заяа нь салахгүй дээ гэж тангарагласан хос хоёр ч зам мөрөө хөөгөөд салж л байдаг, уйлсан нэгнийхээ нулимсыг ч ядаж, арчаад өгчихөлгүй холдож л харагддаг. Үгүй юмаа гэхэд, бие биеэсээ тэртээ хол, энэтээ ойрхоон, хөндий зайдуу сууж л таардаг. Би л лав тэгэхгүй дээ гэхэд, чи л лав тэгнэ дээ гэж амьдрал цаанаас нь зандардаг. Хэзээний л тийм байсан, өнөө ч тийм л байгаа биз. Ингээд л ирэхэд, дээхнэ үедээ бидэнд захидал л ганц амин тэтгэлэг болдог байв.
Хаа тэртээх харь гүрнээс биш юмаа гэхэд, хотоос аймаг, аймгаас сум, сумаас бригад, бүр тэгээд хөдөө ганц айлд хүрэн хүртлээ нэг талд нь гараа чилтэл бичиж, нөгөө талд нь нүдээ хөхөртөл хүлээж байгаа ч гэж яарсан юмгүй, хөөрхий нөгөө хайрын захидал хөглөрч ноолортлоо хүн хүний гар дамжсаар, аягүй ч бол зам зуураа хэд задарсаар, хөмөрсөн тогоо мөргөсөн хурга шиг юм арайхийж цохолсон эзэндээ хүрч очно. Үнгэгдсэн ч бай, тэр захидал ямар их хайрыг шингээсэн, тэмүүлсэн сэтгэлийн ангааг тайлсан шидтэй зүйл байсныг нь эздээс нь өөр хэн ч мэдэхгүй, тэгтэл үнэлэхгүй.
Захиа бичих, бичсэн тэр захидлынхаа хариуг хоног тоолон хүлээхийн сэтгэлийн нандин цэнгэл, зүрхний гэгээн тамлалыг манай үеийнхэн, бидний насныхан арван хэдтэй ангир багаасаа л биеэрээ бүрэн эдэлсэн хүмүүс. Хайрын тийм цагаахан, сэтгэлийн тийм гэгээхэн захидал ганцыг бичээгүй, догдлон байж гардаагүй хэн хүн бидний дунд байдаг гэх вэ!
Хүний захидлаас хуулж, гоё бичигтэй нэгнээ гуйж дөрвөлжин, ташуу шугамтай дэвтрийн цааснаа арайхийн буусан мөнөөх захидал хаягласан хүндээ очин очтол чамгүй зовлон үзнэ. Дугтуй гэх юм хөөрхийд огтоос олдохгүй. Дөрвөлжилж эвхсэн захидал эзнийхээ хармаанд дөрвөн булангаасаа элж харласаар хэд ч хонож мэднэ. Дахин дахин хуулуулж, зам зуураа шүүрүүлж, хэн нэгнээр шоолуулж элдвээ л үзнэ. Зорьсон эзэндээ очоод ч жаргалын бараа харна гэж горьдолтгүй. Эргүүлээд шидчихэж ч мэднэ, дор нь урчихаж ч магадгүй, огт уншихгүй байхнаан ч ядахгүй. Ноос нь хөглөрсөн тором шиг юм болчихоод эргээд эзэндээ налмайтал хүрээд ирэх нь ч бий. Нэг бол тас тэгээд дарагдана. Заримдаа бас замдаа задраад өөр бусад охидын амны зугаа болно. Амаргүй л зам туулна даа.
Хайрын захидлыг хэзээнээсээ хойш хаа газрын хүмүүс өөрийн гараар догдлон бичиж, өөр хоорондоо өгөлцөж авалцаж иржээ. Ойрхи тийм нэгэн жишээ гэвэл, АНУ-ын гойд алдартай хүмүүсийн нэг Жон Кеннеди хараахан Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй, гэргийтэйгээ эгээхэн гэрлэчихээгүй залуухан сенатор явахдаа, хорьж болдоггүй хорин насыг дөнгөж үдсэн Гунилла фон Пост хэмээх сурвалжит үзэсгэлэнт швед бүсгүйтэй Францын алдарт Канны хотод учирч, сэтгэл алдарч “If you don’t marry, come over America” буюу “Гэрлэчихдэггүй л юм бол чи минь Америкт хүрээд ирээрэй”, “Амьдралын минь марташгүй дурсгал”, “Цугтаа өнгөөрсөн зуны тэр сайхныгаа” гэх зэрэг халуун дотно үгс бүхий хэдхэн зурвас захидал 2021 оны тавдугаар сарын дундуур Бостоны дуудлага худалдаанд 88 мянган доллараар зарагдсан тухай CNN нэгэнтээ мэдээлж байж билээ.
Кеннеди хэмээх домог түүх болсон нэгэн хүний өөрийн гараар бичиж, шуудангийн марк наасан хэдхэн хуудас хайрын захидал эзэд нь хэдийнээ эзгүй болсон хойно, жаран найман жилийн энэтээд манайхаар бол, гурван зуу орчим сая төгрөгийн үнэ хүрчээ. Хожмын их алдартны хайрын нандин захидлыг хадгалж л хэрэв чадвал он цагийг элээх тусмаа шижир шиг үнэд ордогийн ганцхан жишээ энэ биз.
Харин цул алдартнаар дүүрчихээгүй хорвоод сая сая эгэл жирийн хүмүүсийн хайр сэтгэлийн хамаг нандин түүхийг агуулсан захидал бичгийн үнэ цэнэ нь өнөө цагт чухам хаанаа шингээстэй байх бол? Энэ хожмоо хэрэгтэй гэж хэн маань авч хоцорсон байх бол? Үгүй ч биз дээ, үрэгдчихээ биз.
Амьдралын босго амаргүй, зохицох хувьсахын түмэн нэхэлтэй. Хэн би ийм байсан гэж хэзээ хэнтэй хувь заяагаа холбох вэ? Бүгд л багынхаа, хайрынхаа, хамаг л нууц гэсэн болгоноо босгоны цаана үлдээгээд, шинэ амьдралын замаар алхацгаасан.
Баяртай, нулимстай он цагийн элч, өр зүрхний гэрч халтартсан, балартсан, хадгалсан, хунисан түг түмэн хайрын захидал одоо би хэрэггүй болсон уу гэх шиг салхинд дэрвэлзэн хийсч, галд өрвөлзөн шатаа биз. Тийм их үнэ цэнэтэй юм ийм амархан гээгдлээ гэж үү хэмээн хаанаас хэнээсээ ч асуух билээ. Одоо хайх ганцхан л газар бий. Тэр бол хэн хүний сэтгэлийн мухарт хараахан эдгэж аньчихаагүй дурсамж дурдатгалын далдхан, сэмхэн сэжүүр төдий тэр л нэгэн аглагхан, буйдхан, эргэж бараг тойрохоо байсан тэр нэгэн алсхан хязгаар билээ. Тэнд л нэг хүрвэл сэтгэл аяндаа уядаж уясаад ирнэ.
Ингэхэд ер нь хайрын захидал гэдэг хэдий хэр үнэтэй, хэрэгтэй зүйл байсан юм бол?
До.Чулуунбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Марлаа
(66.181.161.16) 2023-05-20 21:16Хайртай хүтээ хайраа хэлэх
Хариулах