Х.Тэмүүжин: Хэргээ яаж шийдүүлэх нь Г.Сарангэрэлийн хувь заяа

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

Найзуудынхаа хамт зугаалж явахдаа хар тамхи хэрэглэсэн гэгдэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Г.Сарангэрэлтэй холбоотой мэдээллүүд цацагдах болсон. Дөрвөн сар гаруй хугацаанд Цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байсан тэрээр хоёр хоногийн өмнө батлан даалтаар гарч суллагдаад байгаа. Шоронгоос гарсан даруйдаа телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийгөө Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой хэмээн орон даяар зарласан билээ. Энэхүү асуудалтай холбогдуулан өчигдөр MN 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл... ” нэвтрүүлэгт Хуульзүйн сайд Х.Тэмүүжин оролцон өөрийн байр сууриа ийнхүү илэрхийллээ.

-Хоёрдугаар суваг телевизээр 2 хоногийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Г.Сарангэрэл гэдэг охин орсон. Тэр охин тантай дотно холбоотой байсан гэдгээ Монгол даяар зарлачихлаа. Энэ тохиолдолд танд хэлэх үг байна уу?

-Би Г.Сарангэрэлийг буруутгахгүй байна. Би тэр охиныг өмгөөлөх ч ёстой юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл тэр охины хувь заяа хүний гарт байна.

-Ямар хүний гарт гэж?

-Уг нь хуулийн гарт байх ёстой байсан байх. Яагаад гэвэл ямар нэгэн гэмт хэрэгт сэрдэгдэж шалгагдаж байгаа хүн хуулийн гарт байх ёстой болохоос биш хүний гарт байх ёсгүй л дээ. Гэтэл харамсалтай нь одоо бидний амьдарч буй энэ цаг үед шинэтгэлийн үйл явц өрнөж байхад өөрчлөгдөж амжаагүй, өөрчлөгдөх ёстой зүйл нь юу вэ гэхээр гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг илрүүлэх нэрийн дор өөрсдөө гэмт хэрэг хийдэг. Хууль ийм байна гэж хэлж байгаа боловч хувийнхаа ааш аягийг гаргадаг нэг хэсэг байна. Үнэхээр хар тамхитай холбоотой хэрэг шалгагдлаа. Тэр хэргээ яаж шийдүүлэх нь Г.Сарангэрэлийн хувь заяа. Тэрийг нь шалгаж байгаа хэсэг нөхдүүд байна. Үүн дээр нь дөрөөлөөд над руу зохиол бичээд цацаж байгаа хэсэг хүмүүс бас байна.

-Уучлаарай, Г.Сарангэрэл хар тамхины хэрэгт холбоотой гэсэн үг үү?

-Би тэрийг мэдэхгүй. О.Баасанхүү ч энэ тухай ярьсан. Сонин хэвлэлээр ч ярилаа. Нэг хэрэгт шалгагдаж байна. Тэр нь шүүхээр тогтоогдоно. Гэхдээ энэ хэрэг нь зохион байгуулалттай байж магадгүй гэж би бодож байна. Энэ хүн ийм юм байна, үүгээр нь дамжуулаад Тэмүүжинтэй танилцуулчихаад ингэчихэе гэдэг бодлого явж байгаа шүү. Та саяын асуултаа энэ зохиолыг бичсэн хүнээс асуувал илүү сонирхолтой байж магадгүй. Би дахиад хэлчихье. Хэрвээ гэмт хэрэг хийдэг арга барилаар бүгдийг худалдаж авна, худалдаж авч чадахгүйд хүрвэл айлгаж байгаад бөөн хар юм нааж байгаад өөрийнхөө өмнө авчраад ашиг сонирхлынхоо төлөө үйлчлүүлнэ гэж бодож байгаа бол үгүй, уучлаарай. Тэгэж бодож байгаа хүнд би дахиад хэлье. Уучлаарай. Үнэхээр тэгэж зохиол бичдэг захиалга байдаг бол тэр нь та нарын л зохиол гэж хэлмээр байна. Би тэр зохиолын чинь дүрд тоглохгүй.

-Г.Сарангэрэл өөрийг нь О.Баасанхүү гишүүн хар тамхины хэрэгт гүтгэсэн учраас шүүхэд өгнө, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн байгаа. Таныг сайн ах гээд бодоод хоёр жилийн өмнөөс холбоотой байсан гэж яриад байгаа?

-Би маш тодорхой хэлсэн. Би Г.Сарангэрэлийг танина.

-Яаж танилцсан бэ?

-Өнгөрсөн хавар би хүний төрсөн өдөр дээр таарч байсан. Жилийн өмнө хулгайн хэрэгтэй холбоотой асуудал үүсээд би Алтангэрэл гэдэг өмгөөлөгчийг олж өгсөн. Гэтэл тэр өмгөөлөгчийг намайг олж өгөөгүй юм шиг ярьсан байсан. Хүмүүс асуудалд орохоороо туслаач гэдэг асуудлыг надад тавьдаг. Гэхдээ би нэг зарчим баримталдаг.

Би тэр хүнийг шалгаж байгаа мөрдөн байцаагч прокурор шүүгч  рүү хэзээ ч ярихгүй. Энэ бол хууль бус. Тэр хүнд тусалж болох миний тусламж юу вэ гэвэл өмгөөлөгчтэй л холбоо тогтоож өгөх явдал. Яагаад гэвэл шалгагдсан асуудлаараа хуульзүйн туслалцаагаа аваад, хуульзүйн замаар л асуудлаа шийдвэрлүүлэх ёстой болохоос би ямар нэгэн байдлаар шүүгч хэн нэгэн рүү ярьвал албан тушаалаа ашигласан болно. Шүүгчид нөлөөлсөн болж хувирна. Яг ийм зүйлийг намайг хийнэ гэж таамаглан, сүүлд нь дахиж ажиллагаа явуулсан юм шиг байна билээ. Гэхдээ би тэгдэг хүн биш. Гэхдээ саяын тохиолдолд бол Г.Сарангэрэлийг яах аргагүй хамгаалах ёстой юм байна гэж бодож байгаа. Буруутгахгүй байна.

-Та Г.Сарангэрэлд мөнгө төгрөг өгдөг байсан уу. Сургуульд оруулна гэж амласан уу?

-Уучлаарай тийм юм байхгүй. Би хэн нэгний зохиосон зохиолд гол дүрд нь тоглодог хүн биш гэдгийг дахин хэлмээр байна. Тэр дундаа цагдаагийнхны бэлдэж өгдөг, мөн нэг улстөрчийн санхүүжилтээр хийж байгаа тоглоомонд бол хэзээ ч үгүй. Хариуцлагатайгаар хэлье. Г.Сарангэрэл шоронгоос гарч ирснийхээ дараа надад баярлалаа гэдгээ хэлсэн. СУИС-д орох юмсан гэдэг хүсэлт тавьсан. Би тийм юм мэдэхгүй. Би хуулийн салбарын хүн, хуулийн сургууль гэж байдаг. Тийм сургуульд тэдэн оноотой хүмүүс ордог гэж хэлсэн. Бидний хооронд тийм л харилцаа байгаа. Шүүх хурлаар асуудлаа шийдүүлээд яваг. Гэхдээ ийм ажиллагааг зохион байгуулсан хүмүүстэй би тооцоо бодно. Зүгээр суухгүй.

-Та хэн байгаа гэж таамаглаж байна?

-Манайд өнөөдөр захиалгатай нэвтрүүлэг хийгээд хүний тархи угаадаг нэг хүн тодроод байгаа биз дээ. Тэр л байгаа биз дээ. Өөр хэн байдаг юм.

-Х.Баттулга гишүүн гэж үү?

-Өөр хэн байдаг юм бэ.

-Уг нь та эрх мэдлээ алдсан хурандаа нар таны эсрэг үйл ажиллагаа явуулаад байна гэж хэлээд байсан?

-Нэг сумыг 5 нумаар харваж болдог юм байна. Тиймээс материалыг нь бэлтгэн өгч Г.Сарангэрэлтэй холбоотой бүх юмыг нь хийж өгч байгаа нэг хурандаа байгаа. Энийг нь далимдуулан намайг суудлаас минь унагах гэсэн бас нэг хүн байна. Энэ чинь бидний амьдралд ил тод байгаа зүйл шүү дээ. Ний нуугүй хэлэхэд байгаа тогтсон юмыг өөрчилнө гэдэг эсэргүүцэлтэй тулгарна. Ийм эсэргүүцэл арай эрт бөгөөд олон талтай гарч ирж байгаа нь надад сонирхолтой байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.