Эцэст нь цонхны шил хага цохидог болно! /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2023 оны 05-р сар 01-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Би сургуульд дуртай байгаагүй. Сургууль ч надад дургүй. Би бараг явж байгаагүй гэхэд болно… хичээлээ пялна гэж найгүй.

Гэсэн ч сургуулиа дүүргэхээс олон жилийн өмнө би хараалын үг хэллэгийг гарамгай эзэмшиж, тамхи татаж, бас хэзээ язааны хулиган шиг шүднийхээ завсраар сурамгай нь аргагүй нулимдаг болсон юм. Харин тамхинаас намайг дор нь гаргасан... элдвийн эм тан уулгаж, мораль нтр уншилгүйгээр.

Нэг өдөр би хичээлийн дундуур бие засах өрөөнд бүгэж аваад, амандаа тамхи зуучихсан сургуулийн хашаан дотор болж буй хөл бөмбөгийн тоглолтыг тайлбарлаж байв:

- Улаан аа, яадаг муу энээ тэрээ вэ! Хэзээ ингэж дамжуулж байсан юм! Гозоон, чи юу ч мэддэггүй юм уу! гээд л...

Тэгж байтал нэг хүн орж ирэх нь дуулдав. Би “над шиг хичээлээ пялж яваа нөхөр биз” гэж бодов. Тоглоомондоо улайраад эргэж харсан ч үгүй. Тэгсэн мөрийг минь алгадаад:

- Жоохныг үлдээчих гэж байна.

Би эргэж хараагүй чигээр шүлстэй тамхинаасаа таслан хойш нь сарвайгаад:

- Өөрөө тамхитай явахад яадаг юм гэв.

Нөгөө нөхөр юм хэлсэнгүй... миний өгснийг дуустал нь татаж зогсов. Би гэдэг хүн тоглоом руугаа яваад орчихсон:

- Славка, чи муу энээ тэрээ! Хааш нь хөшиглөөд байгаагаа хардаггүй юм уу, энээ тэрээ?!

- За Дуров, одоо болно... явъя.

Эргээд харвал захирал багш зогсож байх нь тэр! Хамт өрөө рүү нь яваад орлоо. Захирал багш:

- Золиг минь, чи ямар тамхи татдаг юм? гэв.

- “Беломор”

- Алив, нааш нь өгөөдөх!

Би халааснаасаа хайрцаг тамхи гаргаж ирээд захирлын ширээн дээр тавилаа.

- Ээж чинь чамд өдөрт хэр их мөнгө өгдөг вэ?

Энэ олон мөнгөний реформын дараа ээж минь надад хэр их мөнгө өгдөг байсныг би санахгүй байна. Манайх ядуу зүдүү амьдралтай, юм юм л дутдаг байж билээ... Би нэг дүн хэлэв.

- “Беломор” ямар үнэтэй юм?

Би нэг үнэ хэлэв (тэр нь миний бүтэн өдрийн төсөв).

- Өөдгүй золиг! гэж хэлээд захирал багш миний “Беломор”-ыг ширээнийхээ шургуулга руу хийж, оронд нь хайрцаг “Прибой” гаргаж ирээд “Золиг минь, чамд энэ байхад л болно! Тэгж байж л чамд булочка авч идэх мөнгө цаана нь үлдэнэ! Одоо явж үз, дахиад миний нүдэнд үзэгдээд үзээрэй! гэв.

Захирал багшийн өрөөнөөс гарч ирэхэд нүүр минь халуу шатаж байв. Тэр намайг хичээлээ тасаллаа гэж зэмэлсэнгүй, “тамхи эрүүл мэндэд муу” ч гэсэнгүй. Зүгээр л намайг өдөр бүр булочка авч идэх мөнгөтэй яваасай гэжээ! Сургуулийн захирал хүн “Прибой” татаж байхад муу нусгай сурагч нь хэд дахин их үнэтэй “Беломор” татаад явж байдаг!

Энэ яриа надад маш гүн сэтгэгдэл үлдээж... би хэдхэн хоногийн дотор тамхинаас гарав. Дээр нь захирал багшаа ямар агуу сурган хүмүүжүүлэгч болохыг ч ойлгов. Түүнийг авьяаслаг сурган хүмүүжүүлэгч гэдэгт би өөр нэгэн явдлын дараа гүн бат итгэдэг болсон юм...

Нэг өдөр манай сургууль дээр хоёр ангийн хооронд зодоон болов оо. Энэ тухай дуулаад захирал багш манай ангид бөөн уур амьтан орж ирээд, мундираа хоёр тийш нь зад татаад (хамаг товч нь тасарч билээ) чанга дуугаар хашхичиж гарав:

- Дуров! Өнөөдөр чи нэг нөхрөө цохиод авч, маргааш чи багшаа цохино, дараа нь намайг, дараа нь чи засгийн газрын гишүүний аминд хүрч, эцэст нь цонхны шил хага цохидог болно! гэв.

Бүгд нам болов. Тэр үед би юу ч ойлгоогүй. Сүүлд захирал багшийн үгийг бодож байхдаа би нэгэн зүйлийг ойлгосон юм: Засгийн газрын гишүүн юу юм бэ? Юу ч биш! Харин дайны дараах он жилүүдэд цонхны шил олно гэдэг жинхэнэ асуудал байж. Тэр тусмаа сургуулийн захирлын хувьд... Тийм ээ, гайхалтай сурган хүмүүжүүлэгч байж дээ, манай захирал багш!

- Лев Дуров

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.