Европын холбоо болон АНУ Беларусийн улс төрчид, албан байгууллагуудын эсрэг хориг тогтоолоо

Twitter Print
2021 оны 06-р сар 22-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Европын холбоо Беларусийн эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үндэслэлээр Беларусийн 78 иргэн, 8 байгууллагын эсрэг хориг тогтоожээ. Европын холбооны албан ёсны сайт дээр гарсан мэдэгдэлд, "Беларусьт хүний эрхийн ноцтой зөрчлүүд, иргэд, ардчилсан сөрөг хүчнийхэн болон сэтгүүлчдийг хавчин дарамталж буй явдлууд нэмэгдсэнтэй холбоотойгоор уг шийдвэрийг гаргаж байна." хэмээн бичжээ.

Европын холбооны хоригт Беларусийн Батлан хамгаалахын сайд Виктор Хренин, Тээвэр, холбооны сайд Алексей Авраменко, Беларусийн Дотоод хэргийн орлогч сайд Николай Карпенков, Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүү Дмитрий Лукашенко гэргий Лилия Лукашенкогийн хамтаар багтжээ. Түүнээс гадна Европын холбооны Беларусийн эсрэг тогтоосон хоригт Оросын хамгийн баян бизнесмэнүүдийн нэг Михаил Гуцериев мөн багтсан ба түүнийг Беларусийн засгийн газрыг дэмжсэн гэж үзжээ.

Хоригт багтсан иргэдийн хөрөнгийг нь царцааж, Европын холбооны нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хориглож байгаа аж.

Түүнээс гадна Европын холбооны хоригт Беларусийн машин үйлдвэрлэгч хамгийн том хоёр үйлдвэр болох МАЗ, БелАЗ багтжээ Ингэснээр Европын холбооны хоригт Беларусийн нийт 166 иргэн, 15 байгууллага багтаад байна.

АНУ-ын зүгээс "Беларусийн эрх баригчид иргэдийг хавчин дарамталж, иргэдийн эсрэг хүч хэрэглэж, Роман Протасевич, София Сапега нарыг баривчилсан" явдалтай холбоотойгоор Беларусийн 16 иргэн, хуулийн 5 этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгджээ.

АНУ-ын хоригт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Эйсмонт, Ерөнхий прокурор Андрей Швед нар, албан байгууллагуудаас Беларусийн Тагнуулын алба, Дотоодын цэргийн хүчин, Минск хотын Окрестина гудамжинд байрлах Хорих төв, Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын эсрэг тэмцэх ерөнхий газар тус тус багтжээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.