Москва Балтын бүсэд цөмийн зэвсэг байршуулна хэмээн заналхийлжээ

Twitter Print
2022 оны 04-р сар 15-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Москва Балтын бүсэд цөмийн зэвсэг байршуулна хэмээн заналхийлжээ

Финлянд болон Швед улс НАТО-д элссэн тохиолдолд Москва Балтын бүс нутаг дахь хамгаалалтаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгээ онцолжээ. 

ОХУ Украин руу довтолсноос хойш 6 долоо хоног өнгөрч байгаа ба Украины зүүн болон өмнөд хязгаарт ОХУ, Украины зэвсэгт хүчнийхний хооронд ширүүн тулаан өрнөж байгаа билээ. 

Литвийн Батлан хамгаалахын сайдын хэлж байгаагаар ОХУ Литва, Польштой хиллэдэг Калининград мужид хэдийн цөмийн зэвсэг хадгалж байгаа аж. 2018 онд Америкийн Эрдэмтдийн Холбоо Москва Калининград дахь зэвсгийн агуулахуудаа шинэчилсэн хэмээн мэдээлж байсан ч тэдгээр агуулахуудад цөмийн зэвсэг хадгалж байгааг нотлох  баримт одоогийн байдлаар байхгүй байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өнгөрсөн пүрэв гарагт Финлянд болон Швед улс НАТО-д элсвэл ОХУ-д Балтын бүс нутаг дахь хүчээ зузаатгах шаардлага гарна хэмээн мэдэгджээ. 

Финлянд болон Шведийн эрх баригчдын хэлж байгаагаар ОХУ Украин руу халдсан явдал Европын аюулгүй байдлын тухай ойлголтыг бүхлээр нь өөрчилсөн учраас хоёр орны удирдагчид  олон арван жилийн турш баримталж ирсэн төвийг сахих бодлогоо орхиж, НАТО-д элсэх эсэхээ хэлэлцэж байгаа гэжээ. 

Дээрх хоёр улс НАТО-д элссэнээр ОХУ-ын НАТО-гийн гишүүн орнуудтай хиллэдэг хилийн зурвасын хэмжээ хоёр дахин нэмэгдэх учраас ОХУ бүс нутаг дахь газрын, агаарын болон тэнгисийн хүчээ нэмэгдүүлэх нь гарцаагүй гэдгийг Д. Медведев онцолжээ. 

ОХУ-ын Гадаад харилцааны орлогч сайд Александр Грушкогийн мэдэгдсэнээр дээрх хоёр улс НАТО-д нэгдэх нь нөхцөл байдлыг хүндрүүлж, таагүй үр дагаврыг авчирах аж. 

ОХУ-тай 1300 км хиллэдэг Финлянд улсын Ерөнхий сайд Санна Марин өнгөрсөн лхагва гарагт Финлянд улс НАТО-д элсэх хүсэлтээ өгөх эсэхээ ойрын долоо хоногуудад шийднэ хэмээн мэдэгдсэн бол Шведийн Ерөнхий сайд Магдалена Андэрссон НАТО-д элсэх хүсэлтээ хойшлуулах нь утгагүй хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Reutets

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.