Япончууд "Өдрийг хэрүүлээр эхэлбэл өчигдөр нь юу идсэнээ бодоорой" гэж зүгээр ч нэг хэлдэггүй байх

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Хооллолтын тухай сэдэв нь маш өргөн хүрээний асуудал. Тэгээд хөгжих тусам энэ талын судалгааны үр дүн нь бид буруу тийшээ яваад байна, буцах хэрэгтэй гэдэг л дүгнэлт гардаг.

Гол санаа маань цэвэршүүлсэн, боловсруулсан, "орчин үеийн", "шилдэг технологиор" гарган авсан хүнсний бүтээгдэхүүний хортой талаар хэлэх гэсэн юм. Ганцхан жишээ авья. Чихрийн манжингаас чихэр буюу сахар гарган авдаг. Өндөр температур, шүүлтүүр, бусад олон боловсруулалтын үр дүнд сахарыг гарган авна. Эхэндээ тэр нь бор өнгөтэй байдаг. Түүнийг нь харахад сайхан болгохын тулд calcium chloride гэгдэх хүчтэй химийн хор нэмж байж цасан цагаан өнгийг нь гаргаж авдаг байна. Тиймээс ч сүүлийн үед хүмүүс бор элсэн чихрийг харьцангуй эрүүлд тооцон хэрэглэдэг болсноос хойш бор элсэн чихрийн үйлдвэрлэл нэмэгдэж сэргэлэн үйлдвэрлэгчид жаахан будагч нэмээд л "тансаг " зэрэглэлийн "бор" сахар хийх болсон. Анхдагч хэлбэр буюу чихрийн манжинд байхдаа сахар нь байх ёстой бүхий л энзим, витамин зэрэг хүний биед маш чухал бодисууд нь бүгд л байдаг. Боловсруулаад гаргасан чихэрт нь тэдгээр нь огт байхгүйгээс гадна тэр хүнсний бүтээгдэхүүнд маань байгаль эхийн суулгаж өгсөн "код" нь (био мэдээлэл) бидний бие танихааргүй болтлоо өөрчлөгдсөн байдаг.

Бид байгаль эхийн хүүхдүүд, эхийнхээ бэлдэж өгсөн хүнсээр л хүнслэх учиртай. Байгаль дээр ямарч химийн бордоо, хор зэрэггүйгээр ургасан, генийн өөрчлөлтөд ороогүй ургамал жимс гэх мэт эрүүл газар, нар, ус агаарын нөлөөгөөр эрүүл кодоор кодлогдсон хүнсийг л бидний бие махбод таниж өөриймшүүлж шингээж, хэрэглэж чаддаг. Хэрвээ тийм кодгүй, эсвэл өөрчлөгдсөн кодтой зүйл ороод ирвэл бие маань түүнийг танихгүй учир гадны дайсагнал хэмээн "харж" довтолдог ба энэ нь алерги, астма, экзем зэргийн үндэс болдог. Үүний зэрэгцээ уг хүнсийг боловсруулах гэж бие маань хамаг энергиэ бардаг. Энэ нь олон хүний архаг ядаргааны үндэс болдог. Хамгийн аюултай нь ийм хүнс тогтмол хэрэглэх нь хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөтэй байдаг байна. АНУ-д хэсэг сэтгэл зүйн асуудалтай, хурц, цочмог араншинтай хүмүүсийн өдөр тутмын хэрэглэдэг сахар, кофе, чипс, мах зэргийг 100% хориод тодорхой хугацаа өнгөрөхөд тэдний хурц догшин араншин 50% -иар буурч байсан байна.

Тийм болохоор л япончууд "Өдрийг хэрүүлээр эхэлбэл өчигдөр нь юу идсэнээ бодоорой" гэж ярьдаг гэнэ шүү. Тиймээс л үр хүүхдүүддээ аль болох эрүүл, хэт боловсруулж, элдэв "супер нэмэгдэл" хольцоор баяжуулсан биш хүнс өгч байх хэрэгтэй. Тэгж их баяжуулсан боловсруулсан хүнс хүүхдийн чинь зан авирт маш их далд нөлөө өгдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг л компютерт хэт донтохтой адил.

Бас нэг жишээ. Эслэгийн тухай бүгд л мэднэ. Эслэг нь гэдэс доторыг цэвэрлэх зэрэг олон чухал үүрэгтэй. Хэт цэвэрлэсэн буюу дээд зэргийн цагаан гурилд буудайн хальс нь бараг байхгүй учир өндөр цавуулагтай, ихээр тогтмол цагаан гурилан хүнс тогтмол хэрэглэдэг хүмүүс гэдэс гүзээ ихтэй байдаг. Энэ нь бүдүүн гэдсэнд хананд нь гурилын цавуулаг, нарийн ширхэг нь наалдаад тэгээд л "явдаг жорлон" үүсэх гол суурь нь болдог. Үүгээр ч зогсохгүй биед элдэв чулуу үүсгэдэг. Бас амархан хөгшрөх үрчлээтэх том нөлөө өгдөг. Тэгэхээр л бүдүүн ширхэгтэй гурил хэрэглэх хэрэгтэйг олон хүн мэддэг... Ингээд л аль болох бага боловсруулсан хүнсийг хэрэглэх хэрэгтэй байгаа юм даа.

Судалгаагаар түвдийн хамгийн бөглүү нутгийн иргэдийн дунд бүдүүн гэдэсний шархлаа, хавдар өвчин бараг байхгүй байсныг тогтмол арвайн гурил иддэг, өөрсдийн ургамлан цайг уудаг зэрэгтэй холбон тайлбарласан нийтлэл уншиж байсан юм байна.

Иймээс гадны үнэтэй зүйлс, эсвэл элдэв тусламж нэрээр тухайн орондоо хүний хэрэглээнд тэнцэхээргүй болсон гоё нэртэй зүйлсийг боломжтой бол хэрэглэхгүй, харин дотоодын бүтээгдэхүүнд илүү ач холбогдол өгч байх нь зөв юм.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.