Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон, хахууль авсан шүүгч Б.Сайханцэцэгт оноосон ялыг хасаж, нэг жил хорихоор боллоо

Twitter Print
2020 оны 10-р сар 14-нд 18:21 цагт
Мэдээний зураг,

“Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон хахууль авсан гэм буруутай хэмээн ял шийтгүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг, түүнд хахууль өгсөн Ц.Өнөрцэцэг нарын давж заалдах гомдлын шүүх хурал өчигдөр /2020.10.13/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  боллоо.

Өнгөрсөн долдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял  оноогоод 20 сая төгрөгөөр торгож, түүнийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бол Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр хахууль авсан буруутай гэж дүгнэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноосон. 

Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг эсэргүүцэн уг хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, О.Баясгалан, Б.Баяраа, П.Одонтунгалаг, О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар давж заалдах гомдол гаргасан агаад нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар илтгэж, Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, оноосон ялыг багасгасан байна. 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн уг хэргийг “Төгсөөгүй, хахууль өгөхийг завдсан үйлдэл. Гэхдээ гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн тогтоол зөв” гэж дүгнээд хорих ялыг нь тус бүр нэг жил болгон багасгажээ. Дашрамд дурдахад, “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Б.Цолмонбаатар тэргүүтэй хүмүүсийн гомдлыг энэ баасан гарагт буюу 2020 оны 10-р сарын 16 ны өдөр Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлоод байна. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Холбоотой нийтлэл: Салхитын ордоос ЯМАР шүүгчид ХЭДЭН төгрөгийг авлига авсан бэ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (77.37.225.98) 2020-10-14 20:59
      • 0
      • 0

      Өндөр цалинтай шүүгч хахууль авбал хамгийн бага ялтай гэсэн үг үү.Хэдэн мянган хүнд хэдэн жилийн хорих ял өгч байсан бол.

      Хариулах