
Тарвага гоочлох цаг айсуй. Тарвага гэдэг үйлтэй амьтныг агнахыг хуулиар хориглосон хэдий ч хулгайгаар нухчих нөхдүүд захаас аваад бий. Наадмаар, наадмын өмнөхөн тарваганы хорхойтнууд анхны боодог, мах амсдаг билээ. Зарим нэг нь энэ цаг үеийг тэсгэл алдан хүлээдэг. Тарваганы боодог гэсэн үг гарав уу, үгүй юу арааных нь шүлс өөрийн эрхгүй асгараад ирэхийг нь харахад нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг хачирхалтай. Гэвч хүсэл хясал дагуулдаг гэгчээр хулгар шарыг сүүдэр шиг дагадаг нэг зүйл бол тарваган тахал хэмээх олон улсын хөл хориот хурц халдварт өвчин.
Монгол орны ихэнх нутаг байгалийн голомттой нь ч аюул дагуулах нэг үүд болдог. Тиймээс жилийн жилд эл өвчин цухалзаж, нэг биш хүний амь насыг авч оддогийг хэн хүнгүй мэднэ. Урьдчилан сэргийлэх вакцинтай, тэр нь үнэгүй хэдий ч монголчууд нэг их сүжиглэдэггүй гэмтэй улс. Тарвага гоочлох цаг айсуй энэ цаг үед тахлаас сэргийлэхийг Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийнхөн жилээс жилд анхааруулдаг. Анхаарах л ёстой асуудал, тарвагатай бүс нутагт ажил, амралт, аялал жуулчлалаар явахдаа түүхий мах, арьстай харьцахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй.
Монголчуудын тарвага агнаж, иддэг "зан үйл" гадныханд бол үнэхээр этгээд хачин сонирхол мэт сэтгэгдэл төрүүлдэг. Америкийн өмнөд хэсэгт бозлог ангуучилж иддэг, Канадад мөн тарвага агнадаг явдал байдаг ч гэсэн Монголчуудын тарвагаар боодог хийдэг арга маяг тэдэнд үнэхээр үзэж, дуулаагүй сонин хачин явдал байдаг байна. Монголчууд тарвага хэрхэн агнаж, хэрхэн болгож, боож иддэгийг сонирхсон нэгэн бичлэг Оросууд хийсэн байх юм. Бидний хувьд бол хэн хүнгүй мэдэх л ахуй байдлын дүр зураг бол тарвага хэрхэн боодогийг огт мэдэхгүй хүмүүст бол энэ бичлэг сонин байх болов уу.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505