Өмнөдийг чиглэсэн Оросын их нүүдэл

Twitter Print
2022 оны 10-р сар 07-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Өмнөдийг чиглэсэн Оросын их нүүдэл

Өнөөдөр хотын төвөөр хоёр гурваараа, ганц нэгээрээ холхиж буй Орос залуустай бишгүй таарлаа. Дайнаас улбаатай “Оросын нүүдэл” эх нутагт минь үргэлжилж буй бололтой, энэ нүүдэл чухам хаа хүрч зогсохыг хэн ч таашгүй. Цоо шинэ бэлтгэлийн хувцас, пүүз өмссөн, 20 хүрээгүй болов уу гэмээр жаахан гозгор залууг хараад энэ лав эцэг эх нь хүүгээ “гадаадад” явуулах гэж зориуд шинээр авч өгсөн хувцас байхдаа гэж бодогдлоо. Өнөөх эр чухам хаа хүрэх гэсэн юм бол, Бөмбөгөр худалдааны төвийн урдах зам хөндлөн гараад утаа тоосонд уусан алга болов оо.

Европын холбоо, Төв Азийн орнуудын цагаачлалын албаны тоо баримтаас харвал, эдүгээ ОХУ-аас 370 мянга орчим идэр насны эрчүүд дээрх улсууд руу хил нэвтэрсэн нь В.Путины зарлигт дурдсан бэлтгэл цэргийн тооноос хэдийнээ давжээ. Гэхдээ албан ёсоор бүртгүүлээгүй хэд байгаа нь тодорхойгүй. Түүнчлэн тэд цэрэг татлагаас зугтаж яваа, аялж зугаалж яваа, эсвэл огт өөр зорилгоор хилийн дээс алхаж байгаа алин болохыг мөн тодорхойлох боломжгүй юм.

Орос, Белорусь, Казахстан, Киргиз, Армен зэрэг Евразийн холбооны гишүүн орнуудын иргэд тухайн улсынхаа цагаачлалын албанд бүртгүүлснээр тус улсад ажиллаж, оршин суух эрхтэй болдог тул бүртгүүлсэн иргэдийн тоонд үндэслэн дээрх судалгааг гаргасан байна.

Өнгөрсөн 20 гаруй жил Төв Азийн орны иргэд ОХУ-д ажиллаж мөнгө олох гэж зорьдог байсан бол одоо яг эсрэгээрээ Оросууд тэднийг зорьж байна. Онгоцны тийзны үнэ тэнгэрт хадсан энэ үед Оросууд өмнөд хил рүүгээ нүүдэллэж байна. Энэ бол Төв Азийн хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд бөгөөд нэгд ойрхон, аюулгүй, нөгөө талаар хууль ёсоор хил нэвтэрч болох цорын ганц гарц нь юм. Оросууд иргэний үнэмлэхээрээ Казахстан, Киргиз рүү хил нэвтрэх эрхтэй. Оросын хүн амын 70% нь гадаад паспортгүй тул гадаад оронд зорчиход асуудалтай гэсэн тоо баримт байна.

ОХУ энэ оны 2 сард Украин руу довтолсны дараах эхний 2 сард Оросын дүрвэгсдийн эхний давалгаа Европ, Америкийг чиглэсэн. Тэд ихэвчлэн улс төрийн тэрс үзэлтнүүд, эсвэл мөнгө санхүү, нөөц баялгийг эзэмшдэг хүмүүс байсан. Английн хөрөнгө оруулалт, цагаачлалын “Henley & Partners” зөвлөх компанийн мэдээлснээр, энэ онд 1 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 15 мянга орчим Оросын иргэн нутгаасаа дайжсан, энэ нь Оросын баячуудын 15% орчим юм гэжээ. Эдгээр дунд болон дундаас дээш орлоготой иргэд бол өндөр технологийн инженер, техникийн ажилтан, түүнчлэн ЕХ визтэй шилдэг сэхээтнүүд бөгөөд тэд айж сандралгүй, аажуу тайван гэр бүл, компанийн үндсэн хөрөнгөө Польш, Балтийн тэнгисийн орнууд, Турк, эсвэл визгүй зорчдог Гүрж, Армени зэрэг улсууд руу шилжүүлсэн юм. Киргиз улс гэхэд Оросын цагаачилж ирсэн өндөр технологийн ажилтнуудад зориулж дижитал нүүдлийн хөтөлбөр (Digital Nomad program)хэрэгжүүлж, Оросын инженер, IT мэргэжилтнүүдэд ажлын визгүйгээр ажиллах зөвшөөрөл олгодог болсон байна.

“Харин сүүлийн буюу 2022 оны 9 сарын цэрэг татлагаас хойш Оросын хилээр гарч буй иргэдийн хувьд байдал тэс өөр гэнэ. Тэдний санхүүгийн байдал тогтворгүй, нас залуу цус шингэн, ажлын туршлага, мэдлэг мэдэц хомс, ихэвчлэн Сибирь, Урал, Алс дорнодоос ирж буй залуус байгаа нь ихэд санаа зовоож байгаа. Зарим залуус хэдхэн хувцсаа чемодандаа хийгээд Казахстаны хилээр явганаар орж ирж буйг хараад сэтгэл өвдөж, тэднийг ямарч байсан Орос руу албадан буцаах бодолгүй байгаа гэдгээ Казахстаны дотоод хэргийн яам амласан байна. Казахстаны хилийн хотууд кино театр, сүм хийд, спортын ордон зэргээ суллаж түр орогнох байр болгож, олон мянган дүрвэгсдэд үнэгүй хоол хүнсний тусламж олгож байгаа гэнэ. Зочид буудал, жижиг гэр буудлууд бүгд Оросын дүрвэгсдээр дүүрснийг холбогдох албаны хүмүүс өгүүлсэн байна. Дайны хажуугаар дажин гэгчээр байрны түрээсийн мөнгөө 3-4 дахин өсгөсөн хүн ч байна. Алма-Ата, Бишкек зэрэг хоёр том хотоор жишээ авахад байрны түрээсийн үнэ хэд дахин өссөнд нутгийн оршин суугчид ихээхэн дургүйцэж байгаа юм байна.

1951 оны “НҮБ-ын дүрвэгсдийн конвенц”-д зааснаар, дүрвэгсэд гэдэг ойлголтод дайны гэмт хэрэг үйлдэж, түрэмгийлэх үйлдэл хийхээс татгалзсан иргэдийг бас хамруулах ёстой гэжээ. Дийлэнх Орос иргэд эдүгээ Төв Азийн орнуудад харьцангуй тайван, аюулгүй “амьдарч” байгаа хэдий ч зарим нэг хэт үндсэрхэг үзэлтнүүд тэднийг үзэн ядсаар байгаа юм. Герман улс тэдгээр дүрвэгсдэд ивээл үзүүлэхээ зарлачихлаа. “Дунд болон бага орлоготой орнууд Оросын маш олон дүрвэгсдийг хүлээгээд авчихлаа. Бид хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд дангаараа энэхүү хүнд ачааг үүрэхийг хараад сууж болшгүй” гэж тэд мэдэгдсэн байна.

Тэгвэл манайд ирсэн Орос “жуулчид” ямаршуу байгаа бол? 30 хоногийн дараа тэд яах бол гэсэн бодол төрнө. Бидэнд дүрвэгсдийг хүлээж авах туршлага байхгүй, “ах дүү” гэвч манай дийлэнх иргэд орос хэлээр ойлгохгүй, тэд маань англиар таг гээд хэлний саад бэрхшээл ихтэй. Магадгүй тэдний аав ээж Монголчууд бидэнд сайн, тийшээ яв гэсэн сэтгэхүйгээр наашаа илгээсэн гэдэг нь тодорхой. Гэвч бид тэдэнд сайн байлаа гээд өөрсдөө ядуу зүдүү, хоногийн хоолоо аргацааж байгаа улс бас яах билээ гэж бодлоо.

Өчигдрийн миний ажигласнаар манайхан Оросуудыг гайхсан, сонжсон харцаар хараад, нөгөөдүүл нь барьц алдаад ч байх шиг санагдсан. Дайн улам лавширч, Оросын дүрвэгсдийн удаах давалгаа наашлахын цагт бид яах ёстой юм бол доо. Дээдэс нэг юм бодож байгаа байх даа.

М.Мөнхөө

2022.10.6

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.