Б.Энхбаяр: Улс төрд нөлөө бүхий этгээд авлигын хэрэгт холбогдвол бүх насаар хүртэл хорих ялаар шийтгэнэ

Twitter Print
2023 оны 10-р сар 18-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээллээ. Тэрбээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх болсон бөгөөд авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах асуудлыг оруулж ирсэн бөгөөд Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажилд манлайлан оролцож байна гэдгийг онцоллоо.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулан, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Цагдан хорихтой холбоотой гарч байсан зөрчлүүд багасаж байгаа ч үүнийг улам багасгахын тулд дараах өөрчлөлтүүдийг хуульд оруулж байгаа гэсэн юм. Тэрбээр, "Цагдан хорих үндэслэлийг тодорхой болгож байна, шүүхээс гадуур цагдан хорихгүй болно. Шүүхийн зөвшөөрлөөс гадуур цагдан хорих боломжгүй болно. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийдэг байдлыг хязгаарлана. Бага насны хүүхдийг хүчиндэх, үндэсний аюулгүй байдлыг эсрэг, зохион байгуулалттай хар тамхины хэрэг, хүний санаатайгаар алсан зэрэг таван төрлийн гэмт хэргээс бусад үед огт хэрэглэж болохгүй" гэсэн юм.

Мөн шүүхээр шийдвэрлэж байгаа хэргийн 70 орчим хувь нь иргэнтэй холбоотой бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар шүүхээр шийдвэрлэж байгаа хэргээс хугацаандаа шийдвэрлэгдэхгүй байгаа хэрэг их байгаа аж. Иргэний хуулийн дагуу шийдэж байгаа нийт хэргийн 54 хувь нь хугацаандаа, 40 гаруй хувь нь хугацаанаасаа хойшилдог гэжээ.

Тиймээс бага үнийн дүнтэй болон тухайлсан зургаан төрлийн хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэх өөрчлөлтийг хуульд оруулсан байна. 11-13 сая хүртэл үнийн дүн бүхий болон торгууль, СӨХ гэх мэт гурван шатны шүүхээр дамжих шаардлагагүй хэргүүдийг хялбаршуулахаар тусгажээ. Хэрэв ингэвэл нийт шүүхийн ачаалал 25 хувиар буурах бөгөөд хэрэг шийдвэрлэх хугацаа 50 хувь багасах юм. Гэхдээ иргэн өөрөө шийдвэрлэх боломжийг мөн олгох юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.