
“Ханбогд Кашимер” ХХК-ийн Итали улс руу газраар тээвэрлэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн боловсруулсан ноолуурыг Италийн ноос, ноолууран бүтэгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компаниуд болох “Коломбо”, “Фалконери”-ийн захиалгаар олон улс хоорондын ачааны том машинаар Италид экспортлож эхэллээ.
“Ханбогд кашимер” компани урьд нь ноолуураа Итали улс руу экспортлохдоо БНХАУ-аар дамжуулан 90-100 хоногийн хугацаа зарцуулж байсан бол Болгар улсын тээврийн компани Монголоос энэ сарын 2-нд газраар 20 хоногт тээвэрлэн хүргээд байна.
Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй.
Тодруулбал, тухайн ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг аж.
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог.
ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.
Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага тус тус оролцов.
Элчин сайд Ц.Жамбалдорж Биелли хотод ажиллах үеэрээ Италийн ноолуур, ноосон бүтэгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг ганцаар үйлдвэрлэгч Монголын самнасан ноолуурын Итали болон Европын Холбооны зах зээлд гаргах хэмжээг цаашид нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн асуудлыг хөнгөвчлөх, эрсдэлийн даатгалын зохион байгуулалтыг сайжруулах боломж, энэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ онд л гэхэд “Ханбогд кашмер” компани “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий 400 гаруй тн түүхий ноолуурыг Италийн дээрх компаниудад төдийгүй Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэр бүхий компанид газрын тээврээр нийлүүлэх юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.