
10 хоногийн өмнө хэлээгүй юу?
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авлига, албан тушаалын хэргээр 6 жилийн хорих ял оноосон Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг УИХ-аар “Шүүхийн тухай хууль”-ийг өөрчилсний маргааш нь Дээд шүүх хүчингүй болгож байна. Шүүхийн тухай хуульд орсон гол өөрчлөлт нь хараат бус ажиллах ёстой шүүгчдийг УИХ мэдэлдээ авсан явдал юм.
Шүүгчийг сонгодог Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүгчдэд хариуцлага тооцох “Сахилгын хороо”-ны гишүүдийн ОЛОНХИ-ийг УИХ-аас томилдог болсон. Ингээд шүүх УИХ-ын мэдэлд очиж байна. Гэтэл манай 76 дотор авлигал, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй хүн цөөхөн. Өнөөдрөөс эхлээд тэд юу дуртайгаа хийнэ. Шүүхэд очлоо гэхэд өөрсдийнх нь “гар хөл”-ийн үзүүрээр томилогдсон шүүгч тэднийг шүүнэ. Шударга шүүгч байвал Сахилгын хороогоор айлгачихна. Хамгийн анхны жишээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад шүүхээс оноосон ялыг Дээд шүүх хүчингүй болгож байна. Шүүгчид одоо хэний мэдэлд очиж байгаагаа мэдэхийн дээдээд мэдэж, тэдэнд тал алдаж болохгүйгээ ухамсарлажээ.
Дээд шүүхийн шийдвэрээр бол Ерөнхий сайд нь эрх мэдлээ ашиглан хувийнхаа компанид лиценз олгож болох нь. Цаашдаа Ерөнхий сайд нь тусгай хамгаалалттай газраас ч дуртай газраа тастаж, хамаатныхаа компанид өгөөд алт ухуулж болох нь л дээ.
Ж.Эрдэнэбатад ямар үндэслэлээр Анхан болон Давж заалдах шатны шүүхээс 6 жил хорих ял оноосныг эргэн сануулья.
1. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед улсын тусгай хамгаалалтад авсан Тост Тосонбумбын талбайд “Элбэг Орд” компаний эзэмшиж байсан 14145 дугаартай лиценз оржээ. Энэ лицензийн нөхөн олговор болгож “Элбэг орд ”компанид “Улаансайр-1”, “Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.
2. Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй / Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ “Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компаний 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон.
Дээрхи 2 үйлдэлд Ерөнхий сайдын албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзээд Ж.Эрдэнэбатад шүүхээс ял өгсөн.
Нэмж хэлэхэд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон. Өнөөдөр Төв аймгийн Заамар суманд Ж.Эрдэнэбатын аавынх нь төрсөн дүүгийн хүүхэд буюу үеэл эгч Батдоржийн Байгалмаагийн “Ипт гоулд” компани алт олборлож байна. Энэ компаний ард Ж.Эрдэнэбат байдаг. Эндээс олборлосон алтны мөнгөөр түүнийг Ерөнхий сайд болсон гэж нутгийнхан ярьдаг. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад / 2017 онд/ Төв аймгийн Заамар сумын малчид баахан бослого тэмцэл хийв ээ. Учир нь малчдын үлдсэн ганц бэлчээр болох “Өвөр наймганы ам” -ны 15,000 га талбайг “Эрдэнэсийн эрэг” гэх компанид хууль зөрчин олгочихож. Эрхээ хамгаалж, хууль бус төрийн шийдвэрийг цуцлуулахаар Засгийн газартаа хандсан. Гэтэл тэднээс 15,000 га талбайг нь дээрэмдсэн “Эрдэнэсийн эрэг” компаний 66 хувийг Ж.Эрдэнэбатын үеэл эгч Б.Байгалмаагийн “Илт гоулд” эзэмшиж байсан байвал яах уу? Эмгэнэлтэй байгаа биз дээ.
Нутгийнхан “Эрдэнэсийн эрэг ” компанийг шүүхэд өгсөн ч компани ялагдаж, Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгийн Ерөө,Шарын гол, Зүүн хараа, Булганы Бүрэгхангай гээд маш олон газарт өнөөдөр ч алт олборлосоор байна. Ийм бусармаг зүйлийг таслан зогсоох эцсийн зогсоол ШҮҮХ-ийг хулгайч нар мэдэлдээ авчихлаа. Шүүхийн тухай хуулийг батлагдахаас нь өмнө уг нь ийм зүйл болохыг урьдчилан харж бичиж байлаа. Даан ч хуйвалдааны төрд сонсох чих, харах мэлмий байх биш дээ. Гэвч би бичсээр байх болно. Үнэн ялна гэдэгт хэзээ ч эргэлздэггүй.
Сэтгүүлч Б.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.