Д.Сайнсайхан: Үхэр жилд хур, ургац арвинтай байх ч ард түмэн амгалан бус, ноёдтой тэмцэлдэх нигууртай

Twitter Print
2021 оны 02-р сар 11-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгө хийгээд гарч буй жилийн засал номоо хэрхэн хийлгэх, засал номын утга учрын талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.

-Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Зурхайд цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн төлөв хэрхэн буусан вэ?

-Энэ жилийн хувьд цөөвөр хэмээх төмөр үхэр жил гарч байгаа нь зурхайн гол шүн ном сударт 60 жилийн онцлогоос үзвэл халуун гантай, зарим газраа хур бороо элбэг, амгалан жаргалтай жил гарах гэж байна. Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар жилийн эхээр салхи шуурга ихтэй, дөрвөн улирал бүрийн эхээр хуртай, тариа будаа ургац арвинтай жил байна.

Мөн үхэр хариулаачийг шинжвэл, идэр залуус буюу дунд түшмэдэд сайн амгалан, бага балчир нялхас буюу энгийн ард иргэдэд дунд зэрэг, өндөр дээд суудалтан буюу өвгөдөд хатуу ширүүн байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв дунд, хур бороо сайтай, малд харшлах шалтгаангүй ч ард түмэн амгалан бус, хаад ноёдтой тэмцэлдэх нигууртай байж болзошгүй.

-Төмөр үхэр жилд онцгой засал номыг ямар жилтнүүд хийлгэх хэрэгтэй вэ?

-Бич, тахиа жилтэнгүүд жилийн Нашидүрсүмийн засалтай тул  хэл ам, хэрүүл тэмцэл, гадны муу нөлөөнөөс болгоомжлон 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой. Гурван жил дараалан тохиодог жилийн нашидүрсэмийн заслын сүүлийн жил бич, тахиа жилтэнд тохиож байна.

Бар жилтнүүд үхэр, бар хоёр тэмцэлдэх харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гэм буй.  Засал нь Маналын чого, 3 гүрэм,  Сахиусны ганшиг уншуул.

33-ны мөчлөг 1989 оны Шороон могой жилтэнүүдэд тохиож байна. Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхацдаг. Насны болон суудлын гэсэн хоёр төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм. 33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж, баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнэ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг муу талруугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог. Энэ бол том нөлөөг засах засал юм. 33-ны мөчлөг нь энэ жил 1989 онд төрсөн Шороон могой жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33-ны мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.

-Үхэр жилтнүүдийн жил орж байгаа, тэд юуг анхаарч засал номоо уншуулах хэрэгтэй вэ?

-Үхэр жилтнүүд буюу гадаад жил Монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2009, 1949 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийг сайн бие эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул хийлгэх хэрэгтэй.

1997, 1937 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил бөгөөд буг зэтгэр босох гэм буй. Засал нь Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.

1985, 1925 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил Хийморь доройтох гэм буй. Бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

1973 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтга.

1961 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гаднын хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь, энэ жил үхэр жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө хулгана жилд юм уу үхэр жилдээ, эмэгтэй хүн үхэр жилдээ юм уу бар жилд жил орох магадлалтай юм.

-Суудал өнцөгдсөн, харш жилтэй хүмүүс юун дээр анхаарч, ямар засал ном хийлгэх хэрэгтэй вэ?

-Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ. Суудлын өнцгийн заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Шороо, огторгуй, уул, хий гэсэн дөрвөн суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн заслыг хийлгэж, суудлынхаа цээрлэх зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Суудлын өнцгийн нөлөөлөл нь жаахан хатуу байдаг. Шороонд суусан хүн газар лусын үйл үйлдэж болохгүй, огторгуйд суусан хүн өндөр юман дээр гарах, нохой тэжээх, хэл аманд өртөхөөс сэрэмжлэх, ууланд суусан хүн ууланд гарах, өндөр ууланд зорьж явах хэрэггүй. Хий суудалд суухаар барцад саад гараад байдаг.

Харш жилтнүүд буюу хонь их харш, нохой, луу бага харш, могой, тахиа ивээл жилийн харш, бар жилтнүүд тэмцэлдэх харш

Хонь жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдөлдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшийн засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.

Нохой, Луу жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Нохой жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Луу жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшийн засал, Амин золиг гаргуулбал сайн.

Могой, Тахиа жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.

Бар жилтнүүд үхэр, бар хоёр тэмцэлдэх харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй.  Засал нь Маналын чого, 3 гүрэм,  Сахиусны ганшиг уншуул.

-Засал номыг хэднээс хэдний өдрийн дотор хийлгэх ёстой байдаг вэ?

-Жил орсон, үүд нээгдсэн, их, бага харш, логор буюу цагаан жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүмүүст эдгээрт мөчлөгүүд илүү нөлөөлж байгаа нь харагддаг учраас аль олон уншуулбал дээр байх болов уу гэж боддог. Ер нь жилийн засал номоо жилийн эхэн бар сардаа, мөн зургадугаар сарын 22-нд жилийн дундуур, арванхоёрдугаар сарын 22-оос ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа дээрх үеүдэд засал номдоо шамддаг.

Зөвхөн жилийн засал номоос гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэвэл зохимжтой. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу насан туршийнх нь амьдралынх нь сайн, муу тал, авьяас чадварыг гарган үзүүлсэн төөргийн зурхайг зуруулж, бэлгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай, хань ижлийн заяа буяныг шинжүүлж урьдчилан мэдэж, жил, сар, өдөр, цагийн хатуу болон зан чанарыг нь анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулж байвал амьдралд нь илүү тустай санагддаг.  

-Цар тахлын үед Цагаан сарыг гэртээ ёсолж өнгөрөөхийн уриалж байгаа. Тиймээс иргэд Цагаан сарыг хэрхэн, яаж ёсолж өнгөрөөвөл зохистой вэ. Тухайлбал гэрээс гаралгүй мөрөө хэрхэн гаргах хэрэгтэй вэ?

-Өвчин тахалтай байгаа энэ цаг үед буддын эртний ёс уламжлалтай манай ард түмэн зөвхөн өөрийгөө би л болж байвал болно гэсэн амин хувиа хичээсэн миниймхийрхэх явцуу үзэл бодлоор биш, ядаж үр хүүхэд, гэр бүл, ах дүү, найз нөхөд цаашлаад бусад хүмүүсийн тусын тулд гэх уужим сэтгэлээр маск зүүх, дэглэм барих зэрэг өөрөөс шалтгаалах бүх үйлдэл хандлагаа зөв бодлоор чиглүүлснээр айдас, сэжиг, стресс бухимдал үүсгэхгүйгээр эерэг зөв сайхан сэтгэлийг өөрт үүсгэн дадуулж болно. Муу үг, үйлдэл, бодол, хараалын үг гэх мэтийг ч дадуулаад байхад дадчихдаг шиг сайн  бодол, үг, үйлдлийг дадуулахад бүр ч амар байдаг.

Монголчууд амны бэлгэтэй ард түмэн учраас үр хүүхдэдээ нэр хайрлахдаа хүртэл сайн сайхан ерөөлийн үгийг сонгодог. Тиймээс битүүний өдөр гэр гэртээ орон гэрээ цэвэрлэж, битүү идээ будаагаараа битүүлж, хэрүүл маргаан муу үг хэлэхгүй, ерөөлийн сайхан үгийг хэлэлцэн ерөөх хэрэгтэй. Мөн Шинийн нэгэндээ нар мандахаас өмнө босож гэрийнхээ ойролцоо тухайн жилийнхээ цог хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирж цээр заслыг гарган зүг мөрөө гаргаж, уул ус хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж гэр гэртээ золгож ёсыг үйлдээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Мөнхзаяа

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.