Төрт ёсоо хүндэтгэдэг монгол түмний сэтгэлийг наадмаар бүү хэмж!

Twitter Print
2021 оны 06-р сар 24-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Монгол төрийнхөө сүлдэнд, мохошгүй бэлгэдэлт далбаанд зөв хүндэтгэл үзүүлж, зөв мэхийх нь өөрөө арга билэг, агуулга хэлбэрийн асар том философи, дорнын монгол соёл юм аа, Номин! Энэ бүхэнд суралцаж, монгол соёлын хэлтэрхийг өөртөө суулгасныхаа дараа төрт ёсны тухай ярина уу.

Түмэн олон чинь төрт ёсоо дээдлээгүйдээ бус, тэрсэлж зөрүүдлээд байгаадаа бус, ухамсар ухаан нь багадсандаа бус, өвчин зовлонд хөл алдаж, нулимс харуусалд гүн автсандаа улсын наадмаа хойшлуулъя гэж учирлаж байна.

Өнөөдрийг хүртэл вирусаар амиа алдсан 500 шахам иргэн, тэдний ар гэрийнхэн, анд нөхөд, хамт олон, яг одоо өвдчихөөд шинжилгээнд дугаарлаж, эмийн сан руу гүйж, арга тасран мөнгөгүйдэхийн зовлонд автаж, агаар амьсгалах гэж аппаратанд дугаарлаж, эмнэлэг олдохгүй тарчилж, эргэж ирэхээ мэдэхгүй түргэний тэргэнд ачуулж байгаа хэдэн мянган хүн, тэдний хажууд адилхан амьдралаас зууран тогтож буй ах дүү, хамаатан садан нь, дээр нь сульдаад унахад ойрхон болсон эмнэлгийн хэдэн мянган эмч сувилагч, жил гаруй үүрэг хүлээн ажиллаж байгаа онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, бизнесээ хаалгаж, зээлдээ баригдсан олон зуун өрх бүл, хувь хүний тоог гаргаад үзээрэй.

Тоолоод үз, олуулаа байгаа, та нар харин энэ удаа цөөнх болчихлоо. Тэд бүгд наадмыг эсэргүүцдэг ухамсаргүй монгол, төрт ёсноосоо гаждаг тэнэг монгол, үндэсний соёлоосоо татгалздаг үхэр монгол юм бол би нэг нь байна, мэдэж ав. Яамны ажилтнуудаа ариун цэврийн өрөөгүй болгож байгаад засч авсан нөгөө кофены буландаа ганцаараа сууж байгаад бодоод үз. Хувцаслалт, нүүр будаг, хувирал, хуйлран дагах чинь өөрөө худлаа байна, хуруу хүүхэлдэй шиг хачин байна.

Эмэгтэй хүн юм даа гэж хайрлаад энэ хүртэл дуугүй явлаа. Төрийн түшээ болохдоо төрийн далбаандаа ангалзтал инээгээд арай л хүндэтгэлгүй, ёсгүй, бишрэлгүй хандахад чинь дуугараагүй шүү.

Алдаа л биз, гэнэдээ л биз, араас нь ололт дагуулаасай гэж хүлээсэн. Харин одоо сайдтан та төрт ёс, төр түмнээ хүндэтгэн хайрлах монголчуудын сэтгэлийг наадмаар бүү хэмж, намаар бүү заагла, албан тушаалаар бүү шах, алагчилж бүү үз! Төрийн сүлдэндээ залбирдаг эцэг, түмний төлөө сүүгээ өргөдөг эхчүүд, уламжлал соёлоороо гоёдог залуус, уухайн дуугаараа ижилсдэг иргэд чинь нулимстай байна...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.