Шри Ланкийн эмнэлгүүд нэн шаардлагатай эм тариа, багаж хэрэгслийн хомстолд оржээ

Twitter Print
2022 оны 04-р сар 18-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Шри Ланка улсад эдийн засгийн нөхцөл байдал улам дордож, эмнэлгүүд нэн шаардлагатай эм тариа, багаж хэрэгслийн хомстолд ороод байна.

Эмч нар олон улсаас хүмүүнлэгийн тусламж түргэн хугацаанд ирэхгүй бол Шри Ланкийн эрүүл мэндийн салбарт гамшиг тохионо хэмээн анхааруулсаар байна.

Шри Ланкийн Анагаахын мэргэжилтнүүдийн холбооноос мэдээлснээр эмнэлгүүдийн мэс заслын тасгууд мэдээ алдуулах тариа, имплант, оёдлын утас зэрэггүй болсон гэжээ.

Шри Ланка улс эм тариа, эмнэлгийн хэрэгслийнхээ 85 хувийг импортлодог ба гадаад валютын нөөцгүй болсны улмаас нэн шаардлагатай эм тарианаас гадна шатахуун, хүнсээ хүртэл импортлож чадахгүйд хүрсэн аж.

Шри Ланкийн засгийн газрын зүгээс эмч нарт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд яриа өгч болохгүй хэмээн анхааруулсан ба зөвхөн эрүүл мэндийн ажилтнуудын холбооны төлөөлөгчид болон эмнэлгийн удирдлагуудад л мэдэгдэл хийхийг зөвшөөрчээ.

Шри Ланкийн засгийн газар гаргасан мэдэгдэлдээ эмнэлгүүд эм тарианы хомстолд орсон гэсэн мэдээллийг үгүйсгэсэн ч удалгүй зарим нэг эм тариа, багаж хэрэгслийн нөөц хомс байгаа хэмээн залруулга хийжээ.

Тус улсад иргэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авдаг учраас эрүүл мэндийн салбарын хямрал олон сая хүний амьдралд нөлөөлж байна.

Эмч нар эрүүл мэндийн салбарт нь гарсан хямралыг эрх баригчдын эдийн засаг, санхүүгийн буруу менежменттэй холбоотой гэж үзэж байгаа ба бусад улс орнуудаас Шри Ланкад эм тариа хандивлахыг хүссэн байна.

Шаардлагатай эм тарианых нь жагсаалтанд антибиотикууд, парацетамол, даралтны эмнүүд, сэтгэц нөлөөт эмнүүд багтжээ.

Хүнсний бараа бүтээгдэхүүн, шатахуун түлш хомстож, үнэ нь өсч байгааг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксаг огцрохыг шаардан Шри Ланкийн иргэд гудамжнаа гаран жагсаж байгаа ба эсэргүүцлийн жагсаалд эмч сувилагч нар, анагаахын оюутнууд мөн нэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.