Ерөнхий сайд цагдаагийн дарга нарт үүрэг өглөө

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 19:17 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зургаан чиглэлд тодорхой үүрэг даалгаврыг ЦЕГ-ын дарга болон аймаг, нийслэлийн цагдаагийн дарга нарт өглөө.

1. Социализмын үед Монгол Улсад хар тамхи гэдэг зүйл байгаагүй шүү. Өнөөдөр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээ газар авч байна. Бидний үед байхгүй байсан учраас бид сайн мэдэхгүй байна. Залуучуудын дунд яригдаж байгаа яриа, авагдаж байгаа мэдээллээр сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээ манай улсад газар авчээ. Бидний үр хүүхдүүдийн дунд хэрэглээ өсч байна. Тиймээс хар тамхитай тэмцэх ажлыг чанарын өндөр төвшинд хиймээр байна. Маш их сэтгэл зовоож байна. Бидний ирээдүй, Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал. Энэ асуудалд цагдаагийн дарга нар, ХЗДХ-ийн сайд, бүх шатны дарга нар анхаарч ажиллах ёстой. Нэн ялангуяа хууль бусаар хилээр нэвтрүүлж, борлуулалт хийж байгаа нөхдүүдтэй хатуу тэмц. Шаардлагатай бол хуулийг нь чангал. Олон түмэнд сурталчлаад байх хэрэггүй, далдуур тэмц.

2. Соёлын өв болон бэлгийн мөлжлөгийн эсрэг, хүнийг хууран мэхэлж албадан хөдөлмөрлүүлэх зэрэг гэмт хэргийг гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнан үйлдэх болсныг анхааралдаа авч, дорвитой арга хэмжээ авч ажилла. Нөгөө талд Монгол Улсад интернэт хэрэглэгчийн тоо эрчимтэй өсч, цахим улс болж байгаа. Цахим хэрэглээ хурдацтай тэлж байгаатай зэрэгцэн цахим гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Энэ гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэн олон байна. Гэмт этгээдүүд хууль бус үйл ажиллагаагаа халхавчлах, ул мөрөө баллах, дүр төрхөө өөрчилж байна. Үүнтэй цагдаагийн байгууллага маш сайн мэдээллээр хангахад анхаарах хэрэгтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдрал, эв нэгдлийн эсрэг янз бүрийн зохион байгуулалттай гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл явуулж байгаа, хууль бус гэмт хэрэг хийж байгаа хүмүүстэй хатуу тэмц. Ардчилал гэдэг нэрийн дор анархизм хөгжиж болохгүй. Монгол бол хуультай, төртэй улс шүү.

3. Төр цагдаагаа хамгаалах ёстой. Төрийн цагдаа хэн нэгний шүлсний бай, халдлагын объект болж болохгүй. Энд цагдаагийн дарга анхаарч ажилла. Цагдаагийн албан хаагчид хууль бусаар халдах, хэл амаар доромжилбол зохих ёсоор хариуцлагыг нь тооц. Дээр нь цагдаагийн албан хаагч зөвхөн хуулийн хүрээнд ажлаа явуулах учиртай. Хариуцсан ажилдаа эзэн болох ёстой. Шинээр гарсан хууль тогтоомжийг судал, өөрийгөө хөгжүүл, хууль бус шаардлага тавьж болохгүй.

Албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан албан хаагчдын эрх ашиг, нэр төр хөндөгдсөн тохиолдолд тэднийг хамгаалах, хууль ёсны үйлдлийг иргэдэд зөв тайлбарлан ойлгуулж, буруутайд нь хариуцлага тооцон олон нийтэд мэдээлж  байхыг үүрэг болгож байна.

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо дүүргийн Засаг дарга нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийллийн үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.

5. Бага насны хүүхдийн эрх ашиг ихээр хохирч, амь насаа алдаж байгаа тохиолдол олон гарч, иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа та бүхэн мэдэж, харж байна. Иймд, холбогдох төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж, тодорхой үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч, зохион байгуулж ажиллахыг цагдаагийн дарга нар, удирдах бүрэлдэхүүнд үүрэг болгож байна.

6. Албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэдтэй зөв боловсон соёлтой харьцаж, ажил үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангахад анхаарах.

Цагдаагийн байгууллага техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж, нэг албан хаагчдад ирэх механик ачааллыг бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглахад цагдаагийн байгууллага анхаарах хэрэгтэй байна гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.