
Монголын Нууц Товчоонд Ор нугын Хэлтгий хад хэмээн тэмдэглэгджээ. Энд Хуйлдар сэцэнийг оршуулсан. Тэрбээр Хэрээдтэй хийсэн дайнд оройлж яваад хүнд шархадсан. Тэгээд Чингис хаан арагш ухарч Халх голд ирээд ав хийхэд хэдий хорьсон ч авд мордож яваад шарх нь үгдэрч эндсэн, Их Монголыг бүтээлцэхэд үлэмж зүтгэсэн гавъяатан билээ.
Ор нуга нь энэ орчмоос дээш Баянцагааны нурууг өвөрлөх Халх голын уудам нуга юм. Энэ хэсэгт хадтай өөр газар үгүй. 1850-иад онд Хэцүү То ван энэ хаданд түшиглэж энэхүү бурхныг бүтээжээ. 1930-аад он гартал бүрэн бүтэн байсан. 1939 онд Япончууд энэ харалдаа гол дээр гүүр барьж, ганцхан шөнийн дотор 30 гаруй мянган цэрэг наад талд гарган 5 давхар бэхлэлт окоп ухжээ. Тэгэхдээ гүүр, окоп, их бууны галын байр, командын байранд эндээс их хэмжээний чулуу зөөснөөр энэ бурхан эвдэрч сүйрсэн. Дараа нь зүүн эргээс галласан их бууны буудлагад ч багагүй өртөж.
1950-иад онд сэргээх талаар яриа санаачилга нэг бус гарсан ч хэрэгжсэнгүй. Харин 1990 он гарсны хойно Физикийн хүрээлэнгийн Палам гуай санаачлан зүтгэсээр сэргээсэн байна.
Б.Наминчимэд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.