
"УЛНЫ АЙЛ" гэх нь ЗӨВХӨН ТУУРАЛТ ТӨДИЙ...
"Улны айл" гэснээс, дээд давхаргынхан доод хэсгээ ингэж дорд үздэг хэмээн нийгэм ихэд дургүйцэв. Энэ өнгөн тал. Гүндээ манай нийгэмд эрс ялгаатай, хоорондоо ойлголцоход хэцүү зөрчилтэй нийгмийн анги давхарга аль хэдийнэ бий болчихсон. Түүний л илрэл. Өвчний тууралт... Өөр юм биш, ганц Сарангэрэл сайдын асуудал биш. Бид зөвхөн тууралттай зууралдаад, түүнийг маажиж хаях гэж оролдож байна. Өвчин хэвээр байх учир хоёрдахь, магад долоодахь Сарангэрэл гараад л ирнэ.
Дээд хэсэг нь доод хэсгээ хүн гэж үзэхгүй, залхуу, тэнэг, арчаагүй нийгмийн хог шаар гэж үзэж тэднээс цээрлэж, жийрхэнэ, гадуураа торон хашаатай амьдрахыг, тусгаарлахыг эрмэлзэнэ. Үр хүүхдээ ч ойртуулах, нөхөрлүүлэхийг байж болшгүй зүйл гэж үзнэ.
Доод хэсэг нь өөрсдийн золгүй хувь тавилангийн бурууг бусдаас хайна. Мэдээж тэр нь дээд давхаргынхан болж харагдана. Тэд л аз жаргалыг нь хулгайлчихсан гэж үзнэ. Тэгээд үзэн ядна. Өнөөх шуугиан тарьсан "Паразит" хэмээх солонгосуудын хийсэн кинонд энэ давхраажилтын аюулыг сөхөж харуулсан.
Улаанбаатар хотын хэмжээнд өндөр амт чанартай нэг кг махыг 20 мянга биш 70 мянган төгрөгөөр худалдан авах хүсэл сонирхолтой 15 мянган өрх бий гэсэн мэдээллийг энэ зах зээлд ажилладаг, судалгаа хийдэг хүнээс сонсож байв. Харин сайн муу нь чухал биш, мах байх нь л чухал төдий өрх айлын тоо хэдэн зуун мянгаараа бий. Бүр граммлаж авдаг нь ч цөөнгүй. Мах байтугай гурил граммладаг. Тэдний олонхи нэг кг махыг 70 мянгаар авдагууддаа ил далд дургүй байна.
Нийгмийн энэ ялгаа холдох хэрээр зөрчил, бухимдал нэмэгдэж, хөгжил саардаг. Асуудал зовлон нэмэгдэнэ.
Тийм зүй тогтолтой юм. Тиймээс хөгжингүй орнууд татвар, монополийн эсрэг бодлого, дундаж давхаргуудаа дэмжих зэрэг төрийн янз бүрийн зохицуулалтаар энэхүү давхраажилтын хоорондын ялгаа заагыг зүй зохист хэмжээнд нь барих бодлогыг тууштай хэрэгжүүлдэг.
Энэ ганц манай Монголын ч зовлон биш, дэлхий даяараа л асуудалтай байгаа. АНУ-д л гэхэд нийгмийн нийт баялгын 98 хувийг нийт хүн амын 5 хүрэхгүй хувь нь эзэмшдэг. Гэхдээ тэнд дундаж давхаргаа хүчтэй дэмждэг, бас бус өөр шалтгаанууд ч бий.
Манайх бол алдчихсан, шалтгаан нь их тодорхой, гэхдээ түүнийг энд ярьшгүй нь.
Уг нь анги давхарга гэдэг нийгэмд байдаг зүйл, байх ч ёстой.
Гагцхүү нийгэм дэх анги давхарга нь зүй ёсны эрэмбийнхээ дагуу, бас зүй зохист хэмжээндээ л байж учиртай.
Ямар ч нийгмийг элитүүд нь тэргүүлж, манлайлж, чирч явдаг. Нийгэм ч төдий биш, анги хамт олонд ч адил. Сүрэгт ч гэсэн нэг нь манлайлж, цас ярж, салхи сөрж явдаг. Хөгжингүй Норвегид ч нийгмийн давхарга байж л байгаа. Гэхдээ тэнд нийгмийн элит хэсэг нь хэзээ ч доод давхаргаа "Улны" гэж үздэггүй. Тиймээс ч хөгжиж байдаг. Учир нь тэнд Төрийн ямар нэгэн тогтолцооноос үл хамаарч яг л байгалийнхаа жамаар зүй ёсны элитүүд нь удирдаад байгаа хэрэг.
Энэ зүй ёсны элит гэдэг нь авьяас чадвар, ур ухаан, мэдлэг боловсрол, ёс суртхууны шалгуур давсан хэсгийг хэлдэг.
Харин нийгэмд ямар нэгэн ахуйн хүрээний давхарга огт байж болохгүй гэвэл тэр коммунист болчихно. (Коммунистууд энийг байж болохгүй гэж үзээд, хүчээр тэгшлэх гэж үзсэн нь байгалийн хуулийн эсрэг "бослого" байж, аяндаа нуран унасан.)
Учир нь хүн бүхэн адилгүй. Мэдлэг боловсролын, ур чадварын гээд ямар нэгэн ялгаа гарцаагүй байна. Энэ өөрөө байгалийн хууль юм.
ХАРИН манай давхраажилтад ноцтой хэдэн гажиг байдаг. Тийм гажиг байгаа учраас л энэхүү "Улны" гэдэгт эмзэглэн эсэргүүцэж байна. Бас нийгэмд үл ойлголцол, бухимдал тасрахгүй, хөгжил сааранги байсаар байгаа. Ямар гажиг байна вэ гэвэл?
- Нэгд, давхраажилтын доод түвшний хүрээ хэмжээ цочирдмоор өргөн. Хүн амын 37 орчим хувь нь буюу зуун хүн тутмын 37 нь ядуу болон ядуувтар. Хамгийн хачирхалтай нь энэ үзүүлэлт огтхон ч хөдөлгөөнгүйгээр бараг гучин жил болчихсон. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 10-21 хувьд хэлбэлзэж байдаг.
- Хоёрт, бусад оронд оюуны элитүүд, баялаг бүтээгчид нь дээд давхаргадаа ихэнхдээ багтдаг бол манайд санхүү, хөрөнгийн луйварчид, хулгайчид улс төрийн бүлэглэлтэй үгсэн толгой дээр гарчихсан. Үнэнхүү хөлсөө урсгасан нь цөөн. Ийм үзэгдлийг манайд "Түрүүний бөөс толгойд гарна" гэж ёжилдог. Ийнхүү оюун санааны, ёс суртхууны шалгуургүй нөхдүүдийг дээд давхаргадаа залчихсан учраас л хууль гууль болдог, өм цөм хусдаг, хулгай луйвар гаардаг, төр хүчгүй болдог, ард түмнээ "улны" гэж үздэг. Нэгэнт л тэд зүй ёсны элитүүд биш учир байгалийн жам гажиж буй хэрэг. Тиймээс зөрчил тасрахгүй, нийгмээрээ бухимдаад, бас хөгжихгүй гацаад байгаа.
- Гуравт, манайд буй нийгмийн давхраажилтын бас нэг гажиг нь энэ гажигаа засах гэж оролддоггүй, учир нь үүнийгээ гажиг гэж хардаггүй, зүй ёсных гэж үздэгт байгаа юм. Учир нь засвал жамын дагуу өөрсдөө буцаад өөрсдийн төрөлх гутлын түрүү рүүгээ унах учир одоо олж авсан улс төр, санхүүгийн эрх мэдлээ хязгааргүй үргэлжлүүлэхийг бүхий л боломжоороо хичээдэг.
Энэ удвал тэгээд коммунизм шиг нуран унана. Өөр систем гэж байхгүй учир хэрвээ нурвал улс үндэстнээрээ л сүйрнэ.
Ийм л юм болчихоод байгаа. Үүнийг системийн гацаа, хямрал гэдэг. Бид системийн хямралд орчихсон.
Б.Номинчимэд
Гэрэл зургийг: М.Мөнхтүшиг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.