
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн ням гарагт Их Британийн Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Хатан хаан II Элизабет британичуудын төдийгүй дэлхийн нийтийн хүндлэлийг хүлээсэн, үнэнч шударга удирдагч байсныг онцолж, дэлхийн тавцанд нөхөж баршгүй гарз тохиолоо хэмээн мэдэгджээ.
96 насандаа таалал төгссөн Хатан хаан Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, энэ даваа гарагт Хатан хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцохоор Европ, Ази, Африк, Америкийн төрийн тэргүүнүүд Лондон хотноо хүрэлцэн ирснээс гадна Их Британийн Нэгдсэн Вант улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс иргэд ирж, Их Британийн хаан ширээнд хамгийн олон жил суусан Хатан хаан Элизабетийн Уэстминстерийн ордонд байршуулсан шарилд хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй иргэдийн дараалал тасралтгүй үргэлжилсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүн хатагтай Жилл Байден мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Их Британийн Эзэн хаан III Чарльз болон бусад улс орнуудын тэргүүнүүдийн хамтаар Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолын хэсэг болох хүлээн авалтанд оролцсон байна.
Хатан хаан Элизабетийг таалал ибгсөхөөс хоёр хоногийн өмнө Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон Лиз Трасс өнгөрсөн амралтын өдрүүдээр Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Канад, Польшийн төрийн тэргүүнүүдтэй уулзаж амжсан байна.
Энэ даваа гарагт Лондон хотын төвд 1 сая орчим хүн цугларах төлөвтэй байна.
Өнгөрсөн 10 өдрийн хугацаанд Их Британи даяар Хатан хаан таалал төгссөнтэй холбоотой олон тооны арга хэмжээнүүд болж өнгөрсөн билээ.
Лондон хотын Цагдаагийн газар энэ даваа гарагт болох Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн том ажиллагаа болохыг онцолжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.