Их, дээд сургуульд зуучилдаг компаниуд бүгд зөвшөөрөлгүй байжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Элсэлтийн ерөнхий шалгалт дуусч хувийн их дээд сургууль, гадаадын зуучлагч байгууллагуудын сурталчилгааны сезоны цаг ирсэн. Энэ ч утгаараа үзэсгэлэн яармаг зохион байгуулж телевиз сонингоор нэг өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилдаг. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн тавдугаар сард гадаадын сургуульд зуучлагч байгууллагуудад шалгалт явуулсан байна. Шалгалтаар 26 компанийг хамруудсан бөгөөд бүгд тусгай зөвшөөрөлгүй болох нь батлагджээ. Тэд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалтад “Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай  зөвшөөрөлтэйгээр  эрхэлнэ” гэснийг зөрчиж байсан аж.  

Мөн "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, сурталчилж байсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” заасан зөрчил гаргасан байна.

Түүнчлэн “Дэлхийн боловсролыг орчинд нь мэдрүүлж, дээд зэргийн мэргэжилтнүүд болцгооё” гэсэн хачин гоё уриатай "World Korea" ХХК, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК,  "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК, "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК,  "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК, "Дэлхийн төв цэг" ТББ, "Ай эйч Си" ХХК зэрэг байгууллагууд нь үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авч байсан аж. Уг нь Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр  төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Ийнхүү хууль зөрчиж байсан нь шалгалтаар илэрсэн учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухайн компаниудад зөрчлөө арилган, тусгай зөвшөөрлөө авах, Монгол мөнгөн тэмдэгтээр сургалтын төлбөртөө тооцож байх сарын хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа юм байна.

Өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд ч хяналт тавина гэдгээ албаныхан дурдлаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.