Хэнтий аймаг аймгуудын наадмын салхийг хагаллаа

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Өнөө жил тэгш ойн жил нь тохиож буй сумдын мэдээллийг хүргэе.

Архангай аймаг энэ сарын 9-10-нд наадмаа хийнэ. Харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болох юм. 

Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил сумдын тэмдэглэлт ой байхгүй, аймгийнхаа наадмыг энэ сарын 5-6-нд хийх аж. Харин энэ сарын 3-нд Алтай таван Богд хайрханы төрийн тахилга болно.

Баянхонгор аймаг Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн хурдан морьдын уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 25-26-нд болно. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум түүхт 90 жилийн ойгоо энэ сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм. 

Булган аймгийн наадам энэ сарын 9-10-нд, харин Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой энэ сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болно. Дашрамд дурдахад тус мялаалга наадамд Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох юм.

Говь-Алтай аймгийн хувьд энэ жил хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэнэ. Тухайлбал Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэнэ. 

Говьсүмбэр аймгийн баяр наадам энэ сарын 7-8-нд болно. Мөн Баянтал сумын 90 жилийн ой ирэх сарын 3-4-нд болох юм байна.

Дархан-Уул аймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болох бөгөөд Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам энэ сарын 19-20-нд болно.

Дорноговь аймаг тэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор уг жагсаалтын хоёрт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо энэ сарын 10-27-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Дорнод аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд болно. Харин Булган, Матад, сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой энэ сарын 14-16-нд, Халхгол, Дангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох аж. 

Дундговь аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд болно. Харин Луус, Гурван сайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой энэ сарын 17-18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой энэ сарын 9-10-нд болох билээ.

Завхан аймгийн хувьд 10 сумын ой энэ жил тохиогоод байгаа юм. Аймгийн баяр наадам нь энэ сарын 10-11-нд Улсын баяр наадамтай давхцаж байгаа бөгөөд Отгон, Дөрвөлжин, Сантмаргац, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17-18-нд болно.

Орхон аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ойн энэ сарын 28-29-нд болно. Харин аймгийн баяр наадмаа энэ сарын 9-11-нд хийнэ.

Өвөрхангай аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болно. Харин Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 18-19-нд зохион байгуулах аж.

Өмнөговь аймгийн Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд тус наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам ирэх сарын 8-нд ганцхан өдөр болно.

Өнөө цагийн хурдыг тодорхойлогч Сүхбаатар аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болно. Мөн Уулбаян, Эрдэнэцаган, Сүхбаатар, сумын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-24-нд зохион байгуулах юм.

Сэлэнгэ аймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болж Шаамар 4-5-нд, Зүүнбүрэн 14-15-нд, Цагааннуур 15-16-нд, Түшиг болон Ерөө сум 17-19-нд, Баруунбүрэн сум 24-25-нд, Мандал сум ирэх сарын 1-2-нд тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Төв аймгийн баяр наадам энэ сарын 9-10-нд болно. Харин Лүн, Өндөрширээт сумын 90 жилийн ойн наадам энэ  сарын 9-10-нд, Эрдэнэ, Батсүмбэр, Угтаалцайдам сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 10-11-нд, Бүрэн сумын 90 жилийн баяр наадам долдугаар сарын 15-16-нд, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долдугаар сарын 18-19-нд тус тус болно. 

Увс аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд, харин Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 16-наас наймдугаар сарын 4-ний хооронд болох аж.

Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд, Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор гараагүй.

Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд буюу Хотгойдын хурд хангай бүсийн даншиг наадам болно. Тус аймгаас Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд болох юм байна.

Хэнтий аймгийн баяр наадам хамгийн түрүүнд болж байгаа бөгөөд өнөөдөр наадмын нээлтийн өдөр аж. Харин Галшар сумын 90 жил энэ сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 14-15-нд, Бэрх сумын 60 жилийн ойн 11-12-нд тэмдэглэн өнгөрүүлэх аж. Түүнчлэн Мөрөн суманд энэ сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд энэ сарын 18-20-нд “Алтаргана” их наадам зохион байгуулагдах юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.