Пуужингийн цохилтонд өртсөний улмаас Украины тосгонд 51 хүн амь үрэгджээ

Twitter Print
2023 оны 10-р сар 06-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Украины Харьков мужийн Гроза тосгон пуужингийн цохилтонд өртсөний улмаас 51 хүн амь үрэгдэж, 6 хүн шархджээ. Амиа алдсан иргэдийн дунд 8 настай хүү байгаа ба 3 хүн сураггүй алга болжээ.

Харьков мужийн Зэвсэгт хүчний штабын тэргүүн Олег Синегубовын мэдэгдсэнээр пуужингийн цохилтонд тус тосгонд үйл ажиллагаа явуулдаг кафе болон дэлгүүр өртжээ.

Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед кафед оршуулгын цайллага болж байсантай холбоотойгоор кафед олон хүн байсан тухай мэдээлж байна. Уг мэдээллийг Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко баталсан ба кафед багадаа 60 хүн байсан гэжээ.

Түүнчлэн амиа алдсан иргэд бүгд Гроза тосгоны оршин суугчид байжээ. Игорь Клименко өөрийн Telegram хуудсандаа, "Цохилтонд өртсөн дэлгүүр, кафены нурангин доор хүмүүс үлдсэн байж болзошгүй учраас онцгой байдлынхан, цагдаа нар болон тосгоны иргэд эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна." хэмээн бичжээ.

Украины Прокурорын газар дайны үеийн хууль журмыг зөрчсөн, хүмүүсийн амийг хөнөөсөн хэргээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Украины Дотоод хэргийн яам Гроза тосгонд "Искандер" пуужингаар цохилт үзүүлсэн хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Гроза тосгоныг оросууд санаатайгаар бөмбөгдсөн хэмээн буруушажээ. Тэрээр, "Оросын түрэмгийллийг зогсоох хэрэгтэй. Оросуудад хориг арга хэмжээг тойрон гарахад тусалж байгаа хүн бүр гэмт хэрэгтэн. Оросыг одоо хүртэл дэмжсээр байгаа хүмүүс адгийн муу муухайг дэмжиж байна гэсэн үг. Үндэстнийг үй олноор нь хөнөөх явдлыг Орос хэвийн зүйл мэт болгохыг оролдож байна. Бидэнд тусламж дэмжлэг үзүүлсээр байгаа улс орнуудын удирдагчид, ард иргэдэд талархаж байна." хэмээн онцолжээ.

Энэ удаагийн пуужингийн цохилт нь ОХУ Украин руу довтолсноос хойш Украины Харьков мужид хамгийн олон хүний амийг авч одсон халдлага болж байгаа ба Харьков мужид 3 өдрийн гашуудал зарлажээ.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.