Ким Чен Уныг амиараа хамгаалдаг буюу амьд бамбай тусгай ангийнхан

Twitter Print
2021 оны 03-р сар 03-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Костюм өмссөн энэ учир битүүлэг хүмүүс хэн болох тухай нууцаас шинжээч Майкл Мэдден бага зэрэг зүйлийг дэлгэжээ.

Ким Чен Уныг эх орондоо байхад нь түүний эргэн тойронд гурван давхар хамгаалалт гаргадаг байна. Кимийн лимузиний хоёр талаар гүйж буй хамгаалагчид болон төрийн тэргүүнд хамгийн ойрхон явдаг тэр хүмүүс бол Адъютантуудын ерөнхий газар хэмээн албан ёсоор нэрлэгддэг эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны “6 дугаар хэлтсийн” ажилтнууд.

Чухамхүү тэд Ким Чен Уны хамгаалалтын хамгийн ойрын тойргийг бүрдүүлдэг байна. Тэднийг Солонгосын ардын армид татагдан, цэргийн алба хааж байгаа хүмүүсээс шилж сонгож авдаг. Шилж сонгох шалгаруулалтын дотор тухайн хүний өндөр байдаг бөгөөд тэрээр удирдагчтай ойролцоо өндөртэй байх ёстойгоос гадна, мөн хараа маш сайн байх учиртай. Шалгаруулалтад тэнцсэн хүмүүс мэргэн бууддаг байхаас гадна, тулааны урлагийг сайтар эзэмшсэн гэдгээ харуулах ёстой. Дараа нь нэр дэвшигчийг улсыг аюулаас хамгаалах байгууллага нарийн шалгаж, энэ үеэр түүний гэр бүлийн хоёр үеийн тухай мэдээллийг судладаг байна.

Адъютантуудын ерөнхий газрын олон ажилтан Кимийн омгийнхон болон БНАСАУ-ын дээд тушаалын бусад гэр бүлийн төрөл төрөгсөд байдаг байна. Хамгаалагчийн албан тушаалд ажиллахыг зөвшөөрсний дараа нэр дэвшигсэд Солонгосын ардын армийн тусгай зориулалтын хүчнийхний байлдааны бэлтгэл сургуулилтыг санагдуулсан бэлтгэлийн эрчимтэй сургалтад хамрагдана. Гар буугаар буудах, өнгөлөн далдлах, мөрдлөгөөс бултах арга болон хэд хэдэн тулааны аргад сургадаг байна. Тэд биеийн хүнд сорилтыг давж, сэтгэл зүйн бэлтгэл бас хийнэ. Бие хамгаалагчид удирдагчийн эргэн тойронд хамгаалалтын цагираг үүсгэж, Ким Чен Уны өмнө гурваас тав хүртэл тооны бие хамгаалагч, түүний дотор адъютантуудын ерөнхий газрын захирал явдаг байна.

Түүний хоёр талаар дөрвөөс зургаа хүртэл тооны бие хамгаалагч явах юмуу гүйдэг байна. Ард нь бас тав-зургаан бие хамгаалагч явна. Тэд дээд удирдагчийн ойролцоо галт зэвсэг, тухайлбал хагас автомат гар буу болон нөөц гар буутай явахыг зөвшөөрдөг БНАСАУ-ын цорын ганц хүмүүс юм. Тэд өрнөдийн маягаар хар өнгийн костюм өмсөж, зангиа зүүсэн байна. Ким ЧенУны жолооч нар жолоо барьж явахдаа савхин бээлий байнга өмсөнө. Тэд бас чихэвч бүхий радио хүлээн авагч ашигладаг. Адъютантуудын ерөнхий газар 200-300 орчим ажилтантай байдгаас талаас илүү нь бие хамгаалагчид байдаг байна. Бусад нь жолооч юмуу техникийн ажилтнууд. Дээд удирдагчийн зарим бие хамгаалагч нэлээд удаан хугацаагаар ажилладаг ч, олонхи нь ойролцоогоор арван жил энэ албыг хашдаг байна.

Дэлхийн бусад орны удирдагчдаас бараг өөр хэн нь ч Ким Чен Ун шиг ийм гурван давхар хамгаалалттай байдаггүй байна. Гүйж байгаа бие хамгаалагчид хачирхалтай харагддаг ч, Кимийн аюулгүй байдлыг хангахын тулд олон зүйлийг хийхэд бэлэн, маш сайн зохион байгуулалттай тэр ажлын ихээхэн хэсгийг даруй анзаарахад хэцүү юм гэж Майкл Мэдден ярьжээ. Майкл Мэдден бол Жон Хопкинсйн их сургуулийн нэгж болох АНУ-ын Солонгосын хүрээлэнгийн урилгаар ажилладаг шинжээч, “38 North” төсөлтэй холбоотой “NK Leadership Watch” хөтөлбөрийн захирал юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.