Шүүх засаглалыг өөрчлөхгүйгээр шүгэл үлээгээд яах юм бэ

Twitter Print
2022 оны 12-р сар 08-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ШҮГЭЛ ҮЛЭЭГЭЭД ЯАХ ЮМ БЭ

Хүрэлсүх ерөнхийлөгч холбогдох сайд, дарга нараа дуудаад тодорхой үүрэг даалгавар өгсөн нь сайн хэрэг. Монгол төр эзэнтэй гэдгээ харууллаа. Харин тэр цугларсан дарга нар нь нүүрсний хулгайг илрүүлж чадах болов уу. Хүрэлсүх ширээгээ 36 удаа балбахыг хараад дүгнэвэл тэр бүтэлгүй албатуудыгаа хараад аргаа барж байгаа бололтой. Ерөнхий сайд Оюун -Эрдэнэ талбайд гарч ирж залуучуудад хандаж "хулгайн бүлэглэлийг задална, илрүүлнэ" хэмээн мэдэгдэв. Уг нь Оюун Эрдэнэ хэдэн жилийн өмнө Эрдэнэтийг хуваан идсэн бүлэглэлийн схем зургийг маш зөв гаргаж хулгайн бүлэглэлийг илрүүлнэ хэмээн ярьж байсан юм. Гэтэл одоо болтол мафийн бүлэглэлийг илрүүлж бутцохиж чадаагүй юм байна. Уг нь энэ нүүрсний хулгай эртнээс яригдаж байсан аж.

2013 онд 340 000 тонн нүүрс хулгайд алдагджээ хэмээн ярьж шүүх прокурорт хэргийг нь шилжүүлсэн боловч Прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэр хэргийг зогсоосон прокурорыг нэрлээч. 2013 онд Ерөнхий прокурорын төрсөн дүү нүүрсний хулгайн ажлыг голлож зохион байгуулсан хэмээн саяхан телевизээр Өмнөговь аймгаас сонгогдож байсан Их Хурлын гишүүн асан Л.Энхболд хэллээ. Нийтдээ 6.2 сая тонн нүүрс хил давж 12.8 тэрбум долларын буюу 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайгаар хил давуулсан гэдэг нь үнэн юм байна.

Л.Энхболд аль эрт 2013 оны нүүрсний хулгайн хэргийг ярьж эхлэхэд хэн ч тоогоогүй, хэн ч хэлэлцэж байгаагүй аж. Энэ хэрэг бол аль 2012 оноос эхлээд одоо болтол 2022 он хүртэл нам дамжиж ирсэн томоохон албан тушаалтнууд оролцсон хэрэг гэдэг нь илэрхий байхад МАН-ны бүлгийн дарга Тогтохсүрэн "Манай намд нүүрс хулгайлсан хүн байхгүй" гэж мэдэгдсэн нь бүр инээдтэй. Хулгайн хэрэгт нам ямар хамаатай юм бэ. Идсэн л бол улаан, хөх нам гэхгүй бүгдийг нь барьж ял шийтгэлийг нь ногдуулах хэрэгтэй.

Нүүрсний хэрэг гээд өмнөх Хөгжлийн банкны хэрэг, ЖДҮ гэх мэт хэргүүдийг орхиж болохгүй. Шүүх засаглалыг өөрчлөхгүйгээр шүгэл үлээгээд яах юм бэ. Авилгалд идэгдсэн Прокурорыг өөрчлөхгүйгээр хууль яриад яах юм бэ. Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь авилгалд идэгдсэн байхад яаж шударга ёс ярих юм бэ.

Монголд өчнөөн төсөл яриад ч, өчнөөн бонд босгоод ч хөгжихгүй юм. Монгол Улс 2012 оноос хойш нийт 7 удаа нийт 3.0 тэрбум ам.долларын бонд гаргажээ. Тодруулбал, 2012 онд "Чингис" бонд, 2015 онд "Димсан" бонд, 2016 онд Мазаалай бонд гаргасан. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд 2.2 тэрбум долларын бонд гаргаснаас хойш 2016 онд "Хуралдай" бонд, 2017 онд "Гэрэгэ" бонд, 2020 онд "Номад" бонд, 2021 онд "Century" бонд гаргасан.Энэ их мөнгөөр Монгол улсыг экспортын баримжаатай аж үйлдвэртэй болгох зорилготой байжээ. Гэвч энэ их мөнгийг монголын засгийн газар салхинд хийсгэжээ. Монголд үндэсний үйлдвэрлэл гэх юм бараг байхгүй болжээ. Ноолуур, арьс ширний зах зээлийг нь хятадууд базчихжээ. Хил дээрхи нүүрс зөөдөг том оврын машинуудыг хүртэл хятадууд базчихжээ.

Сингапурын удирдагч Ли Куан, Өмнөд Солонгосын удирдагч Пак Жонхи нар эхлээд дотоодын хулгайч, авилгач нарыг барьж шоронд хийсэн юм. Тэгээд улсаа хөгжүүлж ядуурлаас гаргаж чадсан юм. Монголд ч гэсэн ердөө л хулгайч авилгач дарга, захирал нараа нэрлээч, барьж аваад шоронд хийгээч. Тэгээд л болоо. Гэтэл нэрийг нь ч хэлж чаддаггүй. Ийм байж яаж улсаа хөгжүүлэх юм бэ, яаж улсаа ядуурлаас гаргах юм бэ.

Доржийн Сүхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.