Шаргалжуутын рашаан

Twitter Print
2020 оны 07-р сар 18-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Халхын Зая Бандид Лувсанпэрэнлэй гуай Шаргалжуутын рашааны судрыг анх удаа зохиожээ. Лувсанпэрэнлэй нь халхын хангай хааны нутаг Хужирт гэдэг газар төрсөн. Багаасаа ном эрдэмд авъяастай байснаас Төвдийн Гүмбум, Үйзэн гэдэг газарт шавилан сууж байжээ. Тэрээр 18 жил төвд, Самгарди хэлийг судлаж тэр хэлээр бурхны шашны гүн ухаан, уран зохиолын номыг судалжээ.

Монголчууд Шаргалжуутын рашааныг хэдэн мянган жилийн туршид эмгэг хуучаа засахад хэрэглэж иржээ. 15-р зууны сүүлийн хагаст Доржринчин гэдэг оточ Монгол төвд оточ нарын хүчээр 50 гаруй рашаан булгийг оншлон тогтоож олонд мэдэгдэж байснаас гадна 19-р зууны үед эл рашаанд Халхын Засагт хан, сайн ноён хан, Түшээт хан, аймгуудаас рашаанчид, автономитын үед хятад, орос зэрэг гадаад орны жуулчид ирж байжээ. Тэд рашаанд орох түүнийг уух, шавшихын зэрэгцээ рашааны халуун эрдэсжсэн хад, чулуугаар жигнэх, замаг шавраар хөхүүлэх, уураар утах хэлбэрээр ашиглаж байжээ.

Шаргалжуутын рашаан нь Хангайн нурууны өврийн эртний галт уулсын тогтоц бүхий өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн байдаг. Рашааны орчмын уулс нь цэвэр цэнгэг агаар бүхий тогтуун уур амьсгалтай. Энэ рашаан нь эрт дээр үеэс газар газрын хүмүүс цугларан ирж биеэ эмчлэн сувилдаг байсан төдийгүй Манж, Чин гүрний үед Шаргалтжуутын рашааны ойролцоо Бээжингээс Улиастай явах монгол нутгаар дамждаг 21 өртөөний нэг өртөөг байгуулж манжийн ноёд түшмэл нар ирж биеэ сувиладаг байжээ.

Шаргалжуутын рашааныг анхлан хүнд танигдаж мэдэгдсэн түүх домогоос үзвэл эрт дээр үед Хүннү гүрний үеэс үүдэлтэй байсан ажээ. Домогт өгүүлснээр энэ нутгийн мэргэн анчин өвгөн нум сумаа агсран ан гөрөө хийж явтал Говийн өлгөчин шар гичий чоно тааралджээ. Түүнийг харваж шархдуулснаар нөгөө чоно цугтан явсаар уур савсан ундарч байгаа булгуудын дунд орчиж гэнэ анчин өвгөн хүлээзнэж байтал шархдсан гичий чоно ямар ч шарх олоогүй мэт босоод тавхисанд гайхсан өвгөн хэвтсэн газар очвол бага зэрэг цус туссанаас өөр юмгүй байсанд энэ рашааны эд шидтэйг нь мэдэж өөрийн хоёр муу хөлөө хэд хоног дараалан дүрсэнд эдгэрчээ. Түүнээс хойш энэ рашааныг Шаргал-жуут-ын рашаан гэх болжээ. Учир нь говийн чонийн эмэгчнийг "жуут" гэдэг аж. Говийн чоно нь шаргал ухаа зүстэй амьтан юм. Тиймээс шаргалжуут гэдэг ажээ.

Шаргалжуутын рашааны онцлог нь нэг дор халуун хүйтэн хоёр рашаан усыг хэрэглэх боломжтой. Тэрч битгий хэл том үхэр чулууны хоёр талаас халуун хүйтэн рашаан ундардаг онцлогтой. Шаргалжуутын рашаан нь далайн түвшинөөс дээш 1492 м өргөгдсөн хойд өргөрөгийн 460 20*, дорнод уртрагын 101014*- д орших эртний галт уулсын нөлөөлөлөөс үүссэн газрын гүний ан цавыг даган оргилж буй 108 булаг бүхий рашаан юм. Эрт дээр үеэс энэ рашааныг 108 төрлийн 404 өвчинд таарна хэмээн рашаанд орж ууж, эмчилдэг байжээ. Орчин үеийн эмчилгээг амралт сувилалын журмаар ашиглах зорилгоор 1920-иод оноос эхлэн судалж 1970 онд эрдэм шинжилгээний парактик судалгаа хийжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.