
Хүчтэй газар хөдлөлтөнд өртсөн Турк бодон Сири улсад Вашингтон 85 сая ам. долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж илгээхээ мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Турк болон Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 20 мянгыг даваад байна.
Сүүлийн 4 өдрийн хугацаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Туркийн Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу хоёр утсаар хоёр ч удаа холбогдож ярилцсан байна.
Газар хөдлөлтийн улмаас Турк, Сири хоёр улсад хэдэн зуун мянган хүн орох оронгүй болсон ба иргэд супермаркетуудын машины зогсоол, сүм хийд, замын хажууд, зарим нь нурсан байшингийнхаа дэргэд байрлаж байна.
Орон гэргүй болсон тэдгээр иргэд эхнээсээ хоол хүнс, цэвэр усны хомстолд ороод байна. Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг Турк, Сирийн сая сая хүмүүст яаралтай шаардлагатай байгаа хүмүүнлэгийн тусламжийг хүргэхээр зорьж байгаа хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна.
Вашингтоны хувьд Турк руу нурангин доор гацсан иргэдийг авран хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр аврагчид, эмнэлгийн ажилчид, аюултай материалтай ажиллах техникчид зэргээс бүрдсэн 160 хүн, 12 эрэлч нохойг илгээсэн билээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайсын мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Туркийн Гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглутай утсаар ярихдаа Вашингтон Анкарад ямар тусламж дэмжлэг үзүүлж болох талаар ярилцсан аж.
АНУ-ын Нисэх хүчний нисдэг тэрэгнүүд аврах багийнханд газраар хүрэхэд хүнд хэцүү бүс нутагт хүрэхэд тусалж байгаа ба Вашингтон дараагийн ээлжний тусламжиндаа цемент бутлагч, цахилгаан үүсгүүр, эм тариа, асар майхан, цэвэр ус, ус цэвэршүүлэх систем зэргийг илгээхээр зэхжээ.
Эх сурвалж: The Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.