Бэлгийн морь

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Улсын их хурлын дарга суманд зочилж ирэх болсныг сумын засаг дарга ховор тохиох завшаантай хэрэг гэж дүгнэлээ. Харин сумын албан тушаалтнуудад энэ нь үнэнхүү тамтай хэрэг болов.

Эрхэм даргыг хорин цаг тэг минутад сумын төвд ирээд, маргааш өдрийн арван хоёр цаг тэг минутад хөдлөх хүртэлх алхам бүрийг нь нарийн тооцоолон хөтөлбөр гаргаж, түүнийг хүлээн авах ажлыг зохицуулан зохион байгуулах комисс байгууллаа. Хамаг юмны лайг үүрч байх тавилантай засаг даргын орлогч мурий Пэрэнлэй комиссын даргаар томилогдсоныхоо маргааш 

- Дагалдан яваа наян хүний хорийг нь хонуулах газар яагаад ч олдошгүй нь гэсээр дарга руугаа орж ирэв. Сумын даргын хоёр нүд улайтгасан төмөр шиг цоргилоо.

- Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн орыг тооцоод, дээр нь тамгын газрын бүх өрөөнд ор тавиад ч хүрэлцэхгүй байна гэж Пэрэнлэй зориг муутай бувтнахад, дарга:

- Миний өрөөнд бас ор тавчих, дурак аа! гэж хашгирав. Тэр дороо сумын хариуцлагатнуудыг цуглуулан, “дурак”-аа дуудаж, орилж хашгичиж, загнаж зандарч эхэллээ. Мянгат малчин “нүнжиггүй шар” хочит Галт, түшмэл Дугар нарын хэдэн хүн хурим найр хийхээр шинэ гэр бариад байгааг нь дайчлах шийд гарлаа. Тамгын газрын өмнө талбайд шинэ гэрүүдийг нэн даруй барих тушаал буулгахад, Галт гуай:

- Ор шүүгээний будаг халцалчихгүй байгаа даа гэж хэлээд даргад загнуулж байна. Их хурлын дарга болоод эрхэм гишүүд том дарга нарт цоо шинэ цагаан даавуу бэлдэх, бусад жижиг хүмүүст нь зориулж сургууль, эмнэлэгийн цагаан хэрэглэлийг “Омо 99”-өөр гурваас доошгүй удаа угаах тушаал буув. Сумын орлогч дарга Пэрэнлэй хэд хоног зогсоо чөлөөгүй мургинан гүйсээр турж гүйцлээ. Зочдод хоол хийх авгайчууд, үйлчлэх бүсгүйчүүдэд тусгайлан хичээл зааж байтал нэг хэрэг мандлаа. Дарга:

- Морь яасан бэ? Дуракууд аа! гэж чарлав. Мурий Пэрэнлэй далжийн,

- Ямар морь? гэж уулга алдсан нь, даргын дүрэлзэж буй уур дээр хувин бензин цацах мэт боллоо.

- Даргад бэлэглэх хурдан морь! гэж тэр чарлаад ширээ шаахад комиссынхон хамгийн гол юмаа мартсанаа сая ухаарлаа. Түшмэл Дугар:

- Дүүлээгийн зээрд азаргыг өгчихье гээд даргыг бүр багтруулав.

- Тэр адсагаа уржнан Ерөнхийлөгчид бэлэглэчихээ биз дээ! Дурак аа гээд даргын гар салгалан чичирч байна.

- Паргиа Дампилын хурдан шарга гэж хэлсэн хурлын дарга Доной бараг л шанаадуулах дөхөв. Дампилын шаргыг Эрхэм гишүүн Равсалд ноднин бэлэглэсэн болохоор тэр. Комиссынхон нэмж ганц нэг морь хэлсэн нь даргын санаанд ер таарахгүй, “бие жижигтэй”, “зүс муутай” гэх шалтгаанаар гологдон, дарга уурандаа багтарч, “дурак”-аа уншиж байлаа.

Комисс удтал хуралдаад, Дүүлээгийн зээрдийг дахин бэлэглэе гэж шийдэв. Ерөнхийлөгчид өгсөн гэдгийг Ерөнхийлөгч битгий хэл, Дүүлээ өөрөө ч мартчихаад байгаа юм чинь. Сайхан амьтнаар сумынхаа нэрийг хоёр удаа тахлахад яадгийм, ямар ачаад явах биш гэж хэлэлцэв.

Улсын их хурлын дарга сумын ажил амжилтад өндөр сэтгэгдэлтэй байгаа гэж жигтэйхэн. Дүүлээгийн зээрд дүүхэлзээд л, өмнө нь Ерөнхийлөгчийг хадаг зүүж байсныг санагалзах мэт толгойгоо их хурлын даргад өгч байх нь донжтой. Дарга буцахын өмнө хөдөлмөрчидтэй уулзалт хийхэд сумынхан ээлж дараагаар босож, төр засагтаа баярлаж явдгаа хэлэх нь уяхан нэгний нулимсыг унагана. Тэгтэл,

- Дагаж яваа хүмүүс чинь тохитой томоотой гэсэн аль вэ? Шинэ төхөөрсөн гэрийн хаалга зурчихсан байна гэсээр Галт гуай босож ирлээ. Түүний амыг комиссынхон бушуухан дарж авахад, сумын дарга хоромхон зуурт сийрч,

- Энэ хөгшин хий өвчтэй юм чааваас гэж Их хурлын даргад сэм хэлж амжив. Комиссынхныг завгүй болохыг анаж байсан паргиа Дампил ухасхийн босож ирлээ.

- Уржнан Дүүлээ зээрд морио Ерөнхийлөгчид бэлэглэж бугуйн цаг, үйтэн хуартай болж байсан. Өнөөдөр танд дахиж бэлэглээд дээлийн торго, хүлээн авагчаар гараа цайлгалаа. Гэтэл миний хурдан шаргыг Равсал гишүүнд бэлэглэхэд дүнсэн тамхи, халуун сав л өгсөн. Ингэж ардыг алаг үздэгээ боль! гэж тэр хашгирлаа.

Бэлийн овоон дээр Их хурлын даргыг гаргаж өгөхөд сумын даргын улайтгасан төмөр шиг цоргидог хоёр нүд нь хүжийн гал ч үгүй болсон харагдав.

Сумын албан тушаалтнууд даргыгаа арчаагүй ичиж улайхыг анх удаа харж алмайрч байсан бол “буцаж очоод, муу паргиа Дампил чамайг уу...” гэсэн хорсол сумын даргын ходоодны мухарт буцалж байлаа.

А.Амарсайхан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.