
Монголчууд бидний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний баяр наадмаас өмнөхөн Америкчууд мөн үндэсниий баяраа тэмдэглэдгийг тэр бүр өргөн мэддэггүй байх. Телевиз, хэвлэл мэдээллээр бид Америкийн тусгаар тогтнолын өдөр болж байгаа тухай мэдээ хальт сонсоод өнгөрнө үү гэхээс үнэндээ тэд биднээс дутахгүй үндэснийхээ тусгаар тогтнолыг эрхэмлэж, баяр ёслолоо хамгаас өргөн тэмдэглэдгийг анзаардаггүй л өнгөрдөг. АНУ-ын Үндсэн Хуулийг бол дэлхий дахин мэднэ. Харин Үндсэн Хууль гарахаас 11 жилийн өмнө Америк гэх үзэл санааных нь эх болсон Тунхаглалын тухай бараг мэддэггүй, ярьдаггүй.
Тэгвэл Америкийн гэх үзэл санааг дэлхий тунхагласны баяр ёслолын өдөр өнөөдөр долдугаар сарын 4-нд тохиож байна.
1776 оны 7 дугаар сарын 4-нд Умард Америк дахь Британийн колониуд Пенсильвани муж улсын Филадельфи хотод болсон Америк тивийн хоёрдугаар конгресс дээр Их Британиас тусгаар тогтнохоо зарласан түүхэн баримт бичиг баталсан билээ. Америкийн Нэгдсэн Улс гэсэн нэрийг албан ёсоор анх удаа хэрэглэсэн энэ өдөр АНУ-ын Тусгаар Тогтнолын өдөр болсон юм.
Тунхаглалын төслийг тунгаан буулгах нэр хүндтэй үүргийг Томас Жефферсон, Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон нарын таван хүнтэй комисст даалгасан боловч Томас Жефферсон голлох бүрэн эрхтэйгээр 17 өдөрт багтаан зохиосон байдаг. Тунхаглалд Конгрессын ерөнхийлөгч Хэнкок, нарийн бичгийн дарга Томас нар гарын үсэг зуран баталгаажуулан нийтдээ 56 хүн гарын үсэг зурсан байдаг.
Түүхэндээ анхны юм гэдэг дутуу дулимаг, хожим нь засаж залруулах алдаа оноотой л байлгүй яахав. Хамгийн инээдтэй нь Тунхаглал өлгийдөн авсан хүмүүсийн нэлээд нь худалдаа болон контрабанд хийдэг гэж анкетаа бөглөсөн байдаг аж.
Америкийн Нэгдсэн Улс үндэслэгдэн байгуулсан тухай мэдээллийг харин долдугаар сарын 6-ны өдөр "Pennsylvania Evening Post" сонинд нийтэлж олонд тарааж байсан бол 8-ны өдөр олны өмнө анх удаа албан ёсоор тунхаглан зарласан байдаг.
АНУ-ын тусгаар тогнолын тунхаглал гэхдээ тэр даруй хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд бүр долоон жилийн дараа 1783 онд Их Британи улс тунхаглалыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.
Тунхаглалд гарын үсэг зурсаны нэг жилийн ойн дээр буюу 1777 онд анх олныг хамарсан баярын жагсаал хийж, зугаалга, галын наадам, ёслолын буудлагаар тэмдэглэж байсан энэ баяр наадмын өнгө төрх өнөөдөр улам төгөлдөржин баяжсан байна. Гадаад улс орнуудад зорчин яваа Америкчууд мөн үндэсний омгорхол болсон энэ баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
АНУ-ын тусгаар тогтнолын баярын хамгийн гол орхигдошгүй онцлог нь ёслолын буудлага болдог. Гэвч хэдэн жилийн өмнөөс галын аюулгүй байдлыг хангах зорилгоор уламжлалт уг заншилыг хориглосон хууль дүрэм гаргаж, хязгаарлахыг оролдсон боловч ёслолын буудлагагүйгээр төсөөлөгдөх аргагүй болсон баяр ёслолыг тасалдуулалтай биш, буудлагын техник технологид илүү анхаарах болсон байна. Ёслолын буудлагын техник хэрэгсэлийн худалдаа баярын өмнө хэдэн зуу дахин өсдөг.
Америкчууд баяраа тэмдэглэхдээ хоёр өдөр амардаг бөгөөд долоон сарын дөрвөн хэрвээ амралтын өдрүүдэд таарсан бол амралтаа ажлын өдөр рүү шилжүүлдэг дүрэмтэй.
“Тусгаар тогтнолын өдөр”-ийн сонирхолтой баримтуудыг дурьдвал, АНУ-д энэ баярыг 1791 оноос эхлэн өргөн дэлгэр тэмдэглэж эхэлжээ. Энэ өдрийг зүгээр “Forth of July” хэмээн нэрлэх нь бий. 1941 оноос “Тусгаар тогтнолын өдөр”-ийг албан ёсоор үндэсний баяр ёслол болгож, Америкчуудыг ажлын өдөр мэт цалинтай амруулдаг болсон байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505