Америкийн их дээд сургуулиудад элсэн орж суралцахад хамгийн чухал нь юу вэ

Twitter Print
2023 оны 09-р сар 21-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

АНУ-д хүүхдээ сургах эцэг эхчүүдэд зориулав. 

Тактикийн мэдээлэл

1. SAT/ACT Super score

Олон эцэг эхчүүд хүүхдүүд нь SAT-ийн шалгалтан дээр хангалттай сайн оноо авч чадахгүй байгаа тухай их ярьдаг. Гэтэл оноогоо сайн болгон харуулах боломж бас бий. Үүнийг super scoring/ score choice гэдэг.

Жишээн дээр тайлбарлая.

Таны хүүхэд нэг удаа шалгалт өгөөд англи хэл дээр 580, тооны хэсэг дээр 800 оноо аваад нийлбэр дүнгээрээ 1380 оноо авсан байна. Тоон дээрээ маш сайн байсан боловч англи хэлээ тааруухан өгчихөж.

Хэсэг бэлдэж байгаад дахиад өгтөл англи хэл нь 690, харин тооны оноо нь түрүүчийнхээсээ буураад 720 болчихож. Ингээд хоёр дахиа өгтөл өмнөхөөсөө нэг их дээшилсэн юмгүй нийлбэр оноо нь 1410 болов.

Ийм тохиолдол амьдрал дээр олон гардаг. Үүнийг “зохицуулах” арга бол суперскоринг юм. Энэ нь шалгалтын хэсэг тус бүр дээр авсан хамгийн өндөр оноонуудаа нийлүүлээд SAT/ACT-ийн оноотой болно гэсэн үг.

Дээрх жишээнээс харвал эхний шалгалтын тооны хэсгийн 800 оноог дараагийн шалгалтын англи хэлний 720-той нийлүүлээд 1520 оноотой буюу тэтгэлэг авах хэмжээний өрсөлдөхүйц оноотой болно гэсэн үг.

Үүний тулд хүүхэд хамгийн багадаа 2 удаа шалгалт өгсөн байх ёстой. Мөн элсэн орохоор сонирхож буй сургууль нь super score хүлээж авдаг байх ёстой. Ихэнх сургуулиуд хүлээж авдаг боловч зарим сургуулиуд зөвхөн SAT-ийн оноон дээр зөвшөөрдөг, ACT дээр super scoring хийдэггүй.

Элсэгчид их сургуулийн материалаа өгөхдөө хамгийн өндөр SAT/ACT-н оноогоо явуулдаг нийтлэг жишигтэй. Харин Super scoring хийж байгаа тохиолдолд сургуулийн зүгээс SAT/ACT өгсөн бүх оноогоо явуулахыг шаардаж болох юм. Гэхдээ сургууль бүр өөр өөрийн дүрэмтэй, үүнийг CollegeBoard дээрээс мэдэж болно.

Нэмж хэлэхэд хүүхэд бүр 4 сургууль руу SAT/ACT-ийн оноогоо үнэ төлбөргүй явуулах эрхтэй байдаг.

2. Status Reclassification

Америкад төрсөн хэдий ч Монголд дунд сургуулиа төгссөн, Америкад их сургуульд орохоор бэлдэж байгаа хүүхдүүд олон байдаг. Эдгээр хүүхдүүдийн тухайд гадаадын оюутнаар их сургуульдаа тэнцэж ороод Америкад ирсэн хойноо status reclassification хийлгэж болдог. Үүний тулд өөрийгөө иргэн эсвэл ногоон карттай гэдгээ баталсан материалаа сургуульдаа өгснөөр Америкийн дотоодын оюутны зардлаар хямд сурах эсвэл тэтгэлэг, буцалтгүй тусламж авч үнэ төлбөргүй сурах бүрэн боломжтой байдаг.

Энэ нь илүү дөт зам ч байж болох юм. Учир нь Америкийн их сургуулиуд гадаадын оюутнуудыг түлхүү авах сонирхолтой. Үүний дээр сургуулийн гадаад нэр хүндэд diversity сайтай буюу олон орны оюутнууд ирж суралцдаг гэдэг үзүүлэлт их чухал тул гадаадын оюутнуудад харьцангуй “зөөлөн” ханддаг.

Мөн minority quota гэж тодорхой тоо байдаг. Энэ нь нэг улсаас маш цөөхөн оюутан материалаа явуулсан тохиолдолд босго шалгуур давсан бол тэнцэж орох магадлалтай гэсэн үг. (Үүнийг affirmative action-той хольж ойлгож болохгүй).

Бас нэг зүйл нь ээж аав нь Америкад олон жил болж байгаа. Бичиг баримт, ногоон картаа хүлээж байгаад зөвшөөрөгдчихсөн. Монголд байдаг насанд хүрээгүй хүүхэд нь их сургуульд тэнцсэн тохиолдолд мөн л status re-classification хийж дотоодын оюутнуудаар сурах бүрэн боломжтой юм. Олон монгол хүүхдүүд ээж аавынх нь ногоон карт зөвшөөрөгдсөний дараа шилдэг их сургуулиудад тэнцэж ирээд, тэтгэлэгтэй суралцаж байгаа жишээ бий.

АНУ-ын шилдэг, топ сургуулиудад сурч байгаа Монгол оюутнуудын дийлэнх нь монголд дунд сургууль төгссөн, монголоос ирсэн оюутнууд байдаг. Маш цөөхөн хувь нь л америкад дунд сургууль төгссөн монгол хүүхдүүд байдаг нь анзаарагдсан. Тиймээс хичээлдээ л гаргуун сайн байвал хаана амьдарч байгаа, хаана төгссөнөөс үл хамаарч боломж үргэлж байдаг гэдгийг хэлье.

3. All-in хийх үү, яах уу?

Их сургуулиудын early decision/action хаагдахад 1 сар гарангийн хугацаа үлдлээ. Түрүүлж материалаа явуулахдаа бодлоготой хандаарай гэж миний бие өмнөх бичвэртээ бичиж байсан. Ихэнх томоохон сургуулиуд binding байдаг. Энэ тухайн сургуульд тэнцсэн бол заавал тэр л сургуульдаа сурах ёстой. Мөн өөр сургуулийн early action/decision-д материалаа явуулахыг хориглосон гэсэн үг. Иймд байгаа бүх боломжоо бүгдийг нь нэг сургууль дээр “бооцоо” болгож тавих уу эсвэл regular decision-д материалаа өгөх үү гэдгээ бодох хэрэгтэй. 50/50 хувьтай шийдвэр шүү.

Эс бөгөөс non-binding early action-тай сургууль руу өрсөлдөж бас болох юм.

4. Need blind болон need based

Эцэг эхчүүд, хүүхдүүдэд илүү хялбар болгох үүднээс сургуулиудын жагсаалтыг коммент хэсэгт орууллаа. Ямар ямар сургуулиуд need blind болон need based-тэй болохыг мөн ямар сургуулиуд federal/state grant өгдөгийг харж болно.

Аль сургууль нь мужийнхаа төгсөгчдөд санхүүгийн бүрэн туслалцаа үзүүлдэг, аль нь үзүүлдэггүй вэ гэх мэтчилэн. Мөн аль сургууль нь гадаадын оюутнуудад тэтгэлэгт өгөх бололцоотой вэ гэдгийг харах боломжтой. Үүнийг та бүхний цагийг хэмнэх үүднээс коммент хэсэгт орууллаа.

Төгсгөлд нь дахин хэлье, сургууль бүр өөр өөрийн дүрэм, дотоод бодлоготой тул нийтээрээ нэг зарчимтай гэж ойлгож болохгүй. Зарим сургууль дээр таарсан зүйл нөгөө сургууль дээр нь таарахгүй байж болно.

5. Gap year

Болохгүй бол жилийн чөлөө авахуулаад, сайн бэлдэж байгаад дараа жилээс оруулна гэсэн ээж аавууд байдаг. Хүүхэд нь gap year аваад өмнөхөөсөө сайжирсан тохиолдол маш ховор, харин ч эсрэгээрээ сургуулийн орчноос холдоод сурах арга барил, сонирхлоо алдчихсан байх нь олонтаа. Тиймээс заавал гадаадад сургах биш дотоодын сургуульдаа конкурс өгөөд оруулахад болно. Америкад ахлах сургууль төгссөн хүүхдийн хувьд ядаж л коммунити коллежид оруулах талаар ярилцаарай.

Эсвэл одоо бас ч гэж хугацаа байгаа тул байгаа боломжиндоо тулгуурлаад үзээд алдах л хэрэгтэй. Их сургуульд ороход асар их хичээл зүтгэл хэрэгтэй нь үнэн хэдий ч зарим тохиолдолд аз бас хувь тавилан байдаг шүү.

Үүгээр миний 12-р ангийнханд зориулсан цуврал бичвэр энд хүрээд өндөрлөж байна.

Насанжаргалын Болортуяа

АНУ

 

Холбоотой мэдээлэл:

АНУ-ийн их дээд сургуульд элсэн орохын тулд 12 дугаар ангидаа юу бэлдэх вэ http://mongolcom.mn/read/10064

АНУ-ын их, дээд сургуульд элсэх SAT/ACT-ийн шалгалт гэж юу вэ? - http://mongolcom.mn/read/9433

Америкийн их сургуулиуд элсэгчдийг хэрхэн тэнцүүлж авдаг, тэтгэлэг олгодог вэ - http://mongolcom.mn/read/5421

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.