
Азербайжан улсын зэвсэгт хүчний Уулын Карабахын бүс нутагт 24 цагийн турш явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд Баку Уулын Карабахыг хяналтандаа авч, газар нутгийнхаа бүрэн байдлыг сэргээлээ хэмээн тус улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгджээ.
Олон улсад Азербайжаны газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Уулын Карабахд 120 мянга орчим арменичууд амьдардаг бөгөөд Баку салан тусгаарласан тус бүс нутгаа бүрэн хяналтандаа авахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Баку Уулын Карабахд "терроризмтой тэмцэх ажиллагаа" эхлүүлснээ мэдэгдсэн. Арменийн эрх баригчдын мэдээлснээр уг цэргийн ажиллагааны үеэр 32 хүн амь үрэгдэж, 200 хүн шархдсан байна.
Сүүлийн 9 сарын турш бүслэлтэнд орж, хүмүүнлэгийн хямралтай тулсан Уулын Карабахын засгийн газар Азербайжаны армид бууж өгч, Бакугийн шаардлагыг хүлээн авсан байна.
Хөрш Арменийн нийслэл Ереванд иргэд гудамжнаа гарч, Уулын Карабахд үүссэн нөхцөл байдалд Ерөнхий сайд Никол Пашиняныг буруутган, түүнийг огцрохыг шаарджээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн өдөр 1 цагт талууд ОХУ-ын энхийг сахиулагчдаар дамжуулан галаа зогсоох зөвшилцөлд хүрчээ. Галаа зогсоох зөвшилцлийн дагуу Уулын Карабах армиа тарааж, зэвсгүүдээ хураалгах ёстой аж.
Азербайжаны эрх баригчид Уулын Карабах дахь арменичуудын төлөөлөлтэй энэ пүрэв гарагт Евлах хотод уулзаж, Уулын Карабахыг Азербайжанд дахин нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ гэжээ.
Азербайжаны цэргийн ажиллагаа эхэлснээс хойш ОХУ-ын энхийг сахиулагчид Уулын Карабахаас 2000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Арменийн засгийн газар гал зогсоох зөвшилцөлд оролцоогүй гэдгийг онцолж, Уулын Карабахд байгаа иргэдийн аюулгүй байдлыг ОХУ-ын энхийг сахиулагчид хариуцах ёстой хэмээн мэдэгджээ. Тэрээр Бакуг армени үндэстнүүдийг хомроглон устгаж байна хэмээн буруутгасан билээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.