Хуучин католик сургуулийн ойролцоо дахин 182 хүний цогцос олджээ

Twitter Print
2021 оны 07-р сар 01-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Канадын уугуул иргэд Бритиш Коламбия мужид 1912 оноос 1970-аад он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан Гэгээн Южиний католик сургуулийн ойролцоо 182 хүний цогцос олжээ.

Эдгээр цогцоснууд нь дээрх сургуульд сурч байсан хүүхдүүдийнх мөн эсэхийг хэлэхэд одоогоор эрт байна хэмээн угуул иргэд онцолжээ. Өнгөрсөн 5-р сард мөн л Бритиш Коламбия мужийн Камлупс хотод Канадын уугуул 215 хүүхдийн цогцос олдсон ба сарын дараа буюу өнгөрсөн долоо хоногт Саскачеван хотод уугуул иргэдийн хүүхдүүдийн сурч байсан католик сургуулийн ойролцоо 751 хүний цогцсыг олсон билээ.

Камлупс хот дахь уугуул иргэдийн холбооны тэргүүн Розанна Казимирын мэдэгдсэнээр Камлупс хотоос олдсон 215 цогцос нь бүгд Католик сүмийн удирдлага доор үйл ажиллагаагаа явуулж байсан Камлупс дахь Индианчүүдийн сургуулийн сурагчид байсан нь тогтоогдсон ба тус сургуулийн зүгээс эдгээр хүүхдүүдийн үхлийн талаар хэзээ ч, хаана ч мэдээлж, бүртгүүлж байгаагүй болохыг онцолжээ.

Саскачеван хотод олдсон цогцоснууд нь Маривалын Индианчүүдийн сургуулийн ойролцоогоос олдсон ба тус сургууль нь XIX-XX зууны хооронд Канадын засгийн газар болон Католик сүмийн удирдлага доор үйл ажиллагаагаа явуулж байсан уугуул иргэдийн хүүхдүүдийг сургаж байсан 130 гаруй сургуулиудын нэг юм.

Эдгээр олдворууд нь Канадад үйл ажиллагаа явуулж байсан католик сургуулиудын үнэн төрхийг харуулж байна хэмээн олон нийт бухимдаж байна. 1831-1996 оны хооронд эдгээр сургуулиудад уугуул иргэдийн 150 мянга орчим хүүхдийг хүчээр сургаж, гэр бүлээс нь хол дотуур байранд амьдруулж байсан аж.

Эдгээр сургуулиуд нь хүүхдүүдэд хүч хэрэглэн, өлсгөж, хүчирхийлж байсан талаар дээрх сургуулиудад сурч байсан уугуул иргэд ярьдаг ба 2015 онд Канадын Үнэн ба Найрамдлын комисс уг явдлыг "соёлын геноцид" хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.