
Хятадын зүүн зүгт байрлах Жяньси мужид хүн амины хэргээр хоригдож байсан эрийн хэргийг хэрэгсэхгүй болгож, суллажээ. 1993 онд Жан Юхуаныг хоёр хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутган, түүнд шүүхээс насаар нь хорих шийтгэл оноосон байжээ.
Тэгвэл Жан Юхуаныг цагдаа нар хүчээр хэрэг хүлээлгэсэн нь тогтоогдож, түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Жан Юхуаны хувьд хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд 27 жил буюу 9778 өдөр хоригдсоны эцэст ийнхүү суллагджээ. Прокурорын газраас Жан Юхуаны хэргийг дахин шалгаж эхэлсэн ба түүний хэргээ хүлээсэн мэдэгдэл, тухайн хэрэг явдал хоёр зөрчилдөж байгааг олж илрүүлжээ. Ингээд Дээд шүүхээс түүний гэм буруутайг нотлох баримт хангалтгүй байна гэж үзэн сулласан байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар БНХАУ 2010 оноос хойш иргэдийг хийгээгүй хэргийнх нь төлөө хорих, иргэдэд хүчээр хэрэг тулгах явдлыг таслан зогсоохоор эрчимтэй ажиллаж эхэлсэн ба цаазын ялыг зөвхөн Дээд шүүхийн зөвшөөрлөөр оноодог болсон юм. Түүнчлэн хэргийг зөвхөн сэжигтний хэрэг хүлээсэн мэдэгдлийн үндсэн дээр хаахаа больсон аж. Гэм буруугүй нь нотлогдсон Жан Юхуан 27 жилийн дараа шоронгоос суллагдан 83 настай ээжтэйгээ болон авааль эхнэртэйгээ уулзаж буй бичлэг Хятадын сувгуудаар гарсан байна. Жан Юхуан авааль эхнэр Сон Сяонюгийн хамт 2 хүүтэй бөгөөд хосууд 11 жилийн өмнө салсан ч Сон Сяоню Жан Юхуанд давж заалдахад нь тусалсаар байжээ. Шүүхээс Жан Юхуанд нөхөн төлбөр олгоно гэдгийг мөн мэдэгджээ.
1993 оны 10-р сард Жяньси мужийн Жинсян тосгонд хоёр эрэгтэй хүүхдийн цогцос олдсон ба Жан Юхуан амиа алдсан 2 хүүтэй хөрш зэргэлдээ амьдарч байсан аж. Түүнийг хэрэгт сэжигтнээр татаж, 1995 оны 1-р сард Наньчан хотын шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн цаазаар авах ял оноосон ч 2 жилийн дараа цаазаар авах ялыг насаар нь хорих ялаар сольсон аж. Жан Юхуан цагдаа нар түүнийг эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг нь тохсон хэмээн гэм буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байжээ. Тэрээр хэргийг нь дахин шалгахыг хүссэн хүсэлтээ удаа дараа илгээж байсан ч 2019 он хүртэл хүсэлтийг нь хүлээн авч байгаагүй аж.
2019 онд шүүхээс түүний хэргийг дахин шалгахыг зөвшөөрсөн ба орон нутгийн прокурорууд цагдаа нар Жан Юхуаныг нотлох баримт хангалтгүй байхад хорьсон гэж үзжээ. 1993 онд Жяньси мужид 2 хүүгийн аминд хүрсэн жинхэнэ алуурчин одоог хүртэл тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.